Улсын онцгой комисс Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн.

Тус шийдвэрийн хүрээнд “Зорчигч тээврийг зохицуулах түр журам”-ыг гаргаж, Улаанбаатар хотоос явах, орон нутгаас Улаанбаатар хот руу ирэх иргэдийг www.119.mn вебсайтаар бүртгэж эхлээд байна. /Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу/

Иргэд хот хооронд нийтийн тээвэр болон хувийн автомашинаар зорчих боломжтой.

Түр журамд зааснаар иргэд зөвхөн нэг чиглэлд нэг удаа, өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотоос нэг удаа явна, орон нутгаас Улаанбаатар хотод нэг удаа ирнэ гэдгийг Улсын онцгой комиссоос анхааруулж байна.


Та хот хооронд хувийн автомашинаар зорчих бол доорх зааварчилгааг ягштал мөрдөхийг анхаарна уу.

Алхам 1: https://119.mn/

Иргэн та гар утаснаасаа болон цахимаар https://119.mn/ сайт руу орж, Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих, орон нутгаас нийслэл хот руу зорчих болон аймаг, сум хооронд зорчих хүсэлт, шинжилгээ өгөх газар, цагаа товлоно.


Алхам 2: Шинжилгээ өгөх

Товлосон газраа, товлосон цагтаа очиж шинжилгээ өгнө. 


Алхам 3:  Шинжилгээний хариу авах

Шинжилгээний хариуг https://119.mn/ сайтын "Шинжилгээний хариу авах" хэсгийг дарж, регистерийн дугаараа оруулаад авна. Шинжилгээний хариуг цаасаар хэвлэж, иргэний үнэмлэхтэйгээ биедээ авч явна.


Алхам 4: Зорчих

Шинжилгээ өгч, хариугаа авсны дараа 48 цагийн дотор та өөрийн очих газар руугаа зорчих шаардлагатай. Мөн зам дундын хяналтын постуудаар шинжилгээний хариу болон бусад бичиг баримтаа байнга шалгуулж явна.


Алхам 5: Өөрийгөө тусгаарлах

Орон нутагтаа очоод гэрийн тусгаарлалтад 14 хоног байх ба хайртай дотны хүмүүстээ халдвар дамжуулж, бусдад тараахгүйн тулд заавар журмыг сайтар баримтлана.


Алхам 6: Шинжилгээ өгөх

Нутагтаа очоод эрүүл мэндийн байгууллагуд хандаж, коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд дахин хамрагдана.


Анхаарал зүйлс:

1. Иргэний бичиг баримт болон QR код бүхий шинжилгээний хариуг биедээ авч явах ба замын шалган нэвтрүүлэх постуудад бүр саадгүй шалгуулах

2. Халдвар хамгааллын дэглэмийн дагуу амны хаалт, бээлий, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч уусмал, замд хэрэглэх хоол хүнс, хогийн уут гэх мэт хувийн хэрэгцээний зүйлсийг бэлтгэх

3. Мэргэжлийн байгууллага болон байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэх

4. Хөл хорио тавигдтал иргэд зөвхөн нэг удаа нэг чиглэлд хөдөлгөөнд оролцоно.

Коронавирусийн халдвар бүртгэгдсэн Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ аймаг болон стратегийн чухал орд байрладаг, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын гол боомт бүхий Өмнөговь аймгийн иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш явуулна.