Коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбоото асуудлаар УОК өчигдөр орой хуралдаж, тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.

Тодруулбал,

- Халдварын тархалт нэмэгдэж, эрсдэл ихсэж буй учир Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 28-ны 06:00 цагаас эхлэн 14 хоногийн хугацаанд бүрэн хориглов.

Зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан/эрүүл мэнд, буяны ажил/-тай иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр/хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай/-ийн тээвэрлэгчдийг тухайн зорьж буй аймгийн Онцгой комиссын шийдвэр, PCR шинжилгээний хариуг үндэслэн халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдүүлэн нэвтрүүлнэ. Зайлшгүй шалтгаанаар зорчиж байгаа тэдгээр иргэдийг тухайн орон нутгийн Онцгой комиссын шийдвэрээр 5-7 хоног заавал тусгаарлахыг аймаг орон нутгийн засаг дарга нарт үүрэг болгов. Орон нутаг руу чиглэсэн бусад хөдөлгөөнийг бүрэн хориглолоо.

- Өмнөговь, Дорноговь аймаг руу орох зорчих хөдөлгөөнийг 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас эхлэн 14 хоногийн хугацаагаар зогсоов.

Зөвхөн буяны ажил, хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл болон өвс, малын тэжээлийн тээвэрлэлтийг зөвхөн УОК-ын Шуурхай штабаас олгосон зөвшөөрлийг үндэслэн нэвтрүүлнэ. Энэ хугацаанд буюу 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс тус хоёр аймгийн нутаг дэвсгэрт орших хилийн бүс орчмын сумдын иргэдийг коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтад хамруулах ажлыг эхлүүлэхээр боллоо.

- Халдвар илэрсэн Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Орхон, Төв, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Увс аймгуудыг халдварын тархалтын Улаан түвшинд 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас  2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд шилжүүлэв.

- Нийслэлд халдварын тархалтын Улбар шар түвшинд шилжсэн хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгах шийдвэр гаргалаа.

- Нийслэл болон орон нутагт үүсээд буй халдварын тархалт түүний эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өргөн хүрээнд ариутгал халдваргүйтгэлийг нийтийн эзэмшлийн зай талбайд хийх, улсын онц чухал болон нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий объект, байгууллагад халдвар хамгааллын хатуу дэглэм тогтоож, ногоон бүс үүсгэх байдлаар үйл ажиллагааг явуулахыг үүрэг болголоо. 

- Томоохон зах худалдааны төв, үйлдвэр үйлчилгээний газрын удирдлага болон төлөөлөгчтэй уулзаж, ажиллах цагийн хуваарьт зохицуулалт хийхийг холбогдох албан тушаалтнуудад даалгав.


Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс