Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллээ хийж байна.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа:

Их Британийн нэгдсэн вант улсад COVID-19 халдвартай хүний тоо 6350 болж нас баралт  350 бүртгэгдлээ. Халдварын улмаас хөл хорио тогтоох шийдвэрийг гаргасан байна. Иймээс тус улсын ерөнхий сайд цар тахлаас шалтгаалж бүх улс орны эрүүл мэндийн салбар сорилттой учирч, эрүүл мэндийн тогтолцооноос хамаарч, амьсгалын аппарат, эмч, сувилагчийн хүрэлцээ хангалтгүй болсон. Иймээс улс орноороо гэрийн хөл хорионд орох шаардлага үүссэн гэдгийг мэдэгдлээ. Энэ хугацаанд хоол хүнс авах, эмнэлэгийн тусламж үйлчилгээнд хамрагдахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхы анхааруулсан. Хэрэв гадаа дасгал хийхдээ бөөгнөрөл үүсгэхгүй, аль болох ганцаараа дасгал хийхийг санууллаа.

АНУ-д халдвартай хүний тоо 43 мянга боллоо. Халдвараас шалтгаалж томоохон мужууд хязгаарлалт хийж эхэлсэн. Амны хаалт хомсдож байгаа тул хэт ихээр нөөцлөхийг хориглосон тушаал шийдвэр гаргаж ерөнхийлөгч Трамп гарын үсэг зурсан. Мөн даавуун амны хаалт оёж хэрэглэхийг зөвлөсөн.

Дэлхийн бүх улс орнууд хурал цуглааныг цахимаар хийхийг уриалж байна. АНУ-ын дээд шүүх, Их Британийн шүүх цахимаар хэрэг маргааныг шийдэж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

Шинэ төрлийн коронавирусийэ халдварын улмаас хоёр долоо хоногийн турш хөл хорионд байсан “Diamond Princess” аяллын хөлөг онгоцыг маш өндөр зэрэглэлийн бодисоор ариутгаад дахин шинжилгээ авсан байна. Ингэхэд тус хөлгийн гадаргуугаас "COVID-19"  вирус илэрсэн. 

Ийм учраас амны хаалтаа зүүх, өрөө тасалгаандаа ариутгал цэвэрлэгээг сайтар хийх зөвлөгөөг сайтар дагаарай.

Манай иргэд сүүлийн үед амны хаалт зүүхдээ хайнгадуухан хандах боллоо. Дэлхий дахинаараа хичээж буй энэ үед хүн бүр хичээж, анхаарал сэрэмжээ алдаж болохгүй. АНУ-д болон европын улс орнуудад 2-оос дээш хүн хамт олон нийтийн газраар явж болохгүйг сануулсан. Үүнийг зарим хүмүүс ташаа ойлгож гэртээ 2-оос дээш хүн байж болохгүй мэтээр ташаа ойлгожээ. Энэ бол олон нийтийн газарт мөрдөх журам юм шүү.