Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар дөнгөж сая /14.00 цагт/ Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "ХӨСҮТ-д хоёр лабораторт коронавирусийн халдварыг илрүүлэх шинжилгээ хийж байна. Өмнө нь үүргийн онгоцоор ирж ирсэн хүмүүс болон ОХУ-аас ирж, ажиглалт, тусгаарлалтад байгаа хүмүүсийн давтан шинжилгээг 24 цагийн турш хийж байна.

Хоногт 80-500 гаруй хүний шинжилгээ хийж байна. Өнөөдөр үдээс хойш зарим хүний шинжилгээний хариу гарлаа. Тэдгээрийн дотроос нэг хүний шинжилгээний хариу эерэг гарч, коронавирус илэрлээ. 

Сүүлд коронавирус илэрсэн хүн нь ачааны тийр машинаар бүтээгдэхүүн тээвэрлэдэг алсын жолооч. Тэрээр энэ сарын 18-нд Монгол Улсад орж ирж тусгаарлагдсан. Тийрийн жолооч нарыг Алтанбулаг боомтоор цагдаагийн хяналтад оруулж ирж, ХӨСҮТ-ийнхэн тухайн үеийн биеийн байдалд үзлэг хийгээд тусгаарлах арга хэмжээ авдаг. Жолооч нарыг зочид буудалд нэг нэгээр нь тусгаарласан. Коронавирус илэрсэн хүн гэр бүлээрээ байсан учир хоёуланг нь нэг өрөөнд тусгаарласан байсан. Одоо ХӨСҮТ рүү шилжүүлсэн" хэмээлээ.

Мөн Интермед эмнэлэгт илэрсэн сэжигтэй тохиолдол болон түүний ойр байсан гурван хүний шинжилгээний хариу сөрөг гарч, коронавирус илрээгүй гэдгийг мэдэгдлээ.

Эрүүл мэндийн яамны мэдээллийг дүрс бичлэгээр хүргэж байна.