Монголын Татварын алба , Гааль, татвар, санхүү мэдээллийн төв хамтран төлбөрийн баримтыг бүх нийтээрээ олгодог болгох хялбар шийдлийг нэвтрүүлж байгаагаа мэдэгдлээ.

НӨАТ-ын  баримтыг худалдагч болон худалдан авагч талд хэрхэн хүнд суртал, чирэгдэлгүйгээр баримтыг олгох вэ гэдэг маш чухал асуудал байдаг. Энэ асуудлыг шийдэхийн тулд QR кодыг ашиглахаар болжээ.

Ингэснээр худалдаа эрхлэгчид и баримт олгохын тулд заавал банкнаас барьцаа төлбөр төлж посс машин худалдан авахгүйгээр  татвар төлөгчийн мэдээлэл бүхий QR кодыг уншуулснаар төлбөрийн баримт үүсгэх цонх гарч ирсний дагуу худалдан авагч хүсэлт явуулж, худалдагч баталгаажуулснаар үүсэх төлбөрийн баримт юм байна.

Давуу тал нь QR код унших учраас заавал интернэтийн сүлжээ шаардахгүйгээр хөдөө орон нутаг, хот суурин газар гэлтгүйгээр и баримтаа цахимаар үйлдэх боломжтой юм.

QR.EBARIMT.MN-ийн давуу тал:

✔Цаасан баримт шаардлагагүй, төлбөрийн баримт автоматаар баталгаажна

✔Баримтын баталгаажилт 100 хувь

✔Иргэн гомдол гаргах боломжтой

✔Татварын байцаагч хяналт тавих боломжтой

✔Ebarimt апп ашиглахад дата төлбөргүй

Уг баримтыг борлуулагч шалгаад и-баримт аппликэйшнээрээ дамжуулан баталгаажуулалт хийснээр төлбөрийн баримт автоматаар бүртгэгддэг болох юм байна. 

Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал:

“Татварын албанаас эхний ээлжинд лангуу түрээслэгч, жижиг үйлчилгээний бизнес эрхлэгч 17 мянга гаруй татвар төлөгчид мэдээлэл бүхий QR кодыг байршуулна. Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн үйлчилгээг цахимжуулах хөтөлбөрийн хүрээнд энэ арга хэмжээг хэрэгжүүлж байна. Томоохон QR кодыг хананд наах хэлбэрээр хэвлэн аж ахуйн нэгжүүдэд тараана. Харин жижиг бизнес эрхлэгчид утасны ард наалт хэлбэрээр QR кодыг байршуулах боломжтой”