Германд сурахаас өмнө би лекц бичих, тэмдэглэл хөтлөх, лекцээ төлөвлөнө гэдэг ойлголт нойл байлаа. Бараг л багшийн амнаас гарсан үг бүрийг нэг дэвтэр дээр жирийлгэн бичихийг лекц бичих гэж ойлгодог, үүдэнд өлгөсөн цагийг хараад хэзээ лекцтэйгээ мэддэг төдий байсан.

Гэтэл сурна, судална, суралцана гэдэг өөр зүйл аж. Хамгийн наад зах нь өөрийн дэвтрээ хэрхэн хөтлөх, хичээлдээ бэлдэж ямар үзэг харандаа, бал, өнгийн бал, хавтас сонгох гээд энд тусгай дэгтэй. Бага ангид байхад багш цэвэр бичихийг үргэлж үглэдэг байв. Тэр үед цэвэр бичих, дэвтрээ цэвэрхэн хөтлөх гэдгийг сурсан. Харин дунд ахлах ангид өөрийгөө том болсон шиг төсөөлж бараг л дэвтрийнхээ энд тэнд цоохор эрээн болгож бичдэг байв. Хурдан бичиж байна гэж заримдаа өөрөө ч ойлгохгүй юм хийчихээд харж сууна. 

Дунд ангиас их сургуульд ороход өөр мэдрэмж төрдөг. Би насанд хүрчихлээ, их сургууль бол илүү чөлөөтэй сурах орчин гэж өөрийгөө төөрөгдүүлдэг. Лекцийг бид бараг л унтаж байгаад бичдэг байв. Зарим нь лекц бичихгүй явсаар шалгалт дөхөөд ирэхэд хэн нэгний дэвтрийг канондаж аваад шалгалтаа өгнө. Германд тийм юм хаа ч байхгүй. Хэн ч дэвтрээ өгөхгүй. Амжилттай сурахын тулд лекцийг зөв бичих, гаргацтай эмх цэгцтэй дэвтэр номоо хэрэглэх, товчлох, дараа нь дахин уншихад зориулж бүтээлж найруулж, график дүрслэл оруулж хөтлөх нь хожим тустай. 

Энгийн оюутанд үг цээжлэх, ухагдахуун тодорхойлолтууд цээжлэх, лекц бичих, цаг төлөвлөх, хичээлийн төлөвлөгөө гаргах, уншсан номын тэмдэглэл хийх гээд дор хаяж нэг хичээл дээр 5 дэвтэр хэрэг болно. Германы ихэнх дунд дээд сургуульд нуруутай хавтас ашигладаг. Өнгө өнгийн бал, тодруулагч, шугам бол өдөр тутмын хэрэглээ. Ингэж бичихгүй л бол сурсан эрдэм сургууль төгссөний дараа дурсамжтай хамт хийсдэг. Сургууль төгсчихөөд юу сурснаа мэдэхгүй, хичээлээ мартчихсан, бүдэг бадаг ухагдахуун ойлголттой, мэргэжлээрээ ажиллах гэтэл мэддэг юм ховор нөхдүүд ихэвчлэн лекцийг тогтмол хөтөлж, тогтмол уншиж байгаагүй байдаг. Сургууль эхлэхээс өмнө гадны оюутнууд яаж сурдагийг интернетээс олж мэдээрэй. Энэ видео бага зэрэг тусална. Энэ охины тэмдэглэл хийх, гарчиг тавих, шугамаас хэтрүүлэхгүй бичих, үндсэн гарчиг, дэд гарчиг тавих зэргийг сайтар хараарай. Ерөнхийдөө ийм байхыг шаарддаг.