Түүний дэлхий дахинд алдаршсан гүн ухаанлаг романуудаас энэ бүтээл ихээхэн ялгаатай. Миний бодлоор хамгийн гоё, сэтгэл догдлуулдаг зохиол нь гэж хэлж болно. Ядуусыг өмөөрсөн зохиол, гэхдээ зүгээр нэг өрөвдөж өмгөөлөх гэсэн юм бас биш. Гэмгүй, сайхан сэтгэлтэй шударга хүмүүс хэлмэгдэж хохироод хэрхэн зовж зүдэрч яваа тухай эмгэнэлт зохиол. Баян ядуу хоёр гэр бүлийн зөрчил дээр суурилан нийгмийн харилцааг тов тодорхой илэрхийлчихэж байгаа юм. Ёс суртахуун, моралийн асуудлыг хөндөж залуусын хайр сэтгэлийн нарийн нандин бүхнийг, дурласан эмэгтэй хүний дотоод сэтгэлзүйг яг л Толстой шиг мэдэрч дүрсэлж чадаж байна.

Удам угсаа нэр төрөө эрхэмлээд ядуу хэвээрээ үлдэх үү, заль мэх луйвар хийгээд, хүн чанараа гээгээд баян цатгалан амьдрах нь дээр үү гэсэн асуулт гарч ирж байгаа юм. Мань өвгөн өөрийг нь гүтгэсэн ноёнтой заргалдахдаа удмынхаа нэр төрийн төлөө амиа өгөхөөс ч буцахгүй зориг гаргаж, аймаар их мөнгө өгөх гэхэд нь аманд нь салаавч хийж байна, өөрийг нь аймшигтай муухай доромжиллоо гэж үзсэндээ тэр юм. Тэр ноён бол заль мэх, луйвраар хөлжсөн бүхнийг мөнгөөр худалдаж авч болно, бүүр хайр сэтгэлийг хүртэл худалдаж авч болно гэж боддог тийм л хүн. 

Харин өвгөн бол тайж удамтай, язгууртан хүн тул тэр муу луйвраар баяжсан ноёноос хавьгүй илүү гэж өөрийгөө бодож байна, өвөг дээдсийнхээ нэрийг гутааснаас үхсэн нь дээр шулуухан хэлж байна. Амь шигээ хайрладаг ганц охин нь нөгөө муу хорон санаатай ноёны хүүг дагаад орон гэрээ орхиод зугтаачихжээ. Энэ чинь одоо аймшигтай хүнд цохилт мөн биз! Өвгөн галзуурахаас наахнуур болж, харааж зүхэн охиноо өөрийнхөө сэтгэл зүрхнээс авч хаяна гэж тангараглаж, төрсөн үрээ гэж бодохгүй хэмээн цамнаж байна. Гэтэл, гэтэл сэтгэл дотроо ямар их шаналж, санаж, бэтгэрч явснаа хожим ярьдаг, охиноо уучилдаг тэр хэсгийг уншихаар нүдний нулимс гарч байсан. Эцэг эхийн далд хайр гэдэг юутай агуу вэ гэдгийг дэндүү сайн мэдрүүлсэн дээ.

Зохиолын үйл явдлыг хүүрнэн өгүүлж байгаа нэгдүгээр биеийн хүн бол зохиолч Достоевский өөрөө юм. Дөнгөж нэрд гарч эхэлж байгаа залуухан зохиолч хэвлэлийн газрын эзнээс урьдчилгаа мөнгө аван
зохиол бичиж амь зууна. Дээврийн хонгилд даарч чичрэн, хар цайгаар голоо зогоож, тамхиа баагиулан зохиол бичин суух, өрнөөс өрний хооронд амьдрах тэр муу хөөрхий ядуу зохиолч Достоевскийгээс өөр хэн байх билээ. Өвгөний охин өр зөөлөн Наташа баяны ганц хүү(уг нь ганц биш л дээ) Алешад ёстой ухаангүй, учиргүй их хайртай! Яг л эхийн сэтгэлээр хайрладаг, үүнийгээ хожим ухаардаг ойлгодог.

Хайр дурлал бол далд тачаалаар өдөөгдөн гарч ирж байгаа сэтгэл зүрхний илэрхийлэл юм.
Аав нь хорон муу санаатай, өөдгүй хүн боловч Алеша бол тун давгүй залуу шүү!. Хөөрүү, дэврүүн хүүхэд шиг зантай, бодох санах юмгүй хөөс шиг нөхөр. Тэр занд нь л Наташа татагдсан хайр нь өрөвдөл болон хувирч сүүлдээ бараг л хүүхэд шигээ бодох болсон. Алексей ч Наташад ухаангүй хайртай, тиймээс өв залгамжлах баян бүсгүйтэй суухаас татгалзан, хөлсний умгар байранд ааваасаа нуугдан аж төрж байна. Харин хүүгийнхээ тогтворгүй хөвсөргөн занг сайн мэдэх мань ноён бас нэг хорон төлөвлөгөө боловсруулсан аж. Тэр муу амьдрал мэдэхгүй, мөнгө олох арга ухаан байхгүй шалдан банди гачигдаад ирэхээрээ санаа бодол нь өөрчлөгдөх нь гарцаагүй гэж тооцоолсон байгаа юм. Гэхдээ баян өв залгамжлагч Катя үнэхээрийн сайхан бүсгүй гэдгийг зохиолч янзтай сайхан дүрслэн үзүүлсэн тул би унших зуураа бараг л дурласан шүү. Ийм л дурлалын гурвалжин үүсч байгаа юм.

Зохиолын дүрүүдийг үнэндээ л тултал нь бүтээж чадсан даа, гайхамшигтай. Маш их адал явдал өрнөнө, тэр нэг үл мэдэгдэх хачин өвгөний тухай хэсгүүд бол аймшгийн зохиол мэт сэтгэгдэл төрүүлнэ. Хорон санаатай, муу хүний балгаар хэчнээн олон хүний амьдрал сүйрч байна вэ бурхан минь! Заводын эзэн байсан, баян тансаг амьдрах учиртай өвгөн хөсөр хаягдан тартагтаа тулж бараг л турж үхэж байна. Эцгийнхээ хамаг хөрөнгийг луйварчинд мэхлүүлж, өөрөө хүний газар үнсэнд хаягдсан шалз мэт хөөрхийлөлтэй байдалд орсон бүсгүй эх орондоо эргэн ирсэн ч эцсийн мөчид авсчны байрны доод хонгилд эм тариагүйн улмаас амьсгал хурааж байна. Өнчин охин нь харж хандах хүнгүй гудамжинд гарч байгаа гунигт тавилан. Ээжийнх нь оршуулганд хэрэглэсэн мөнгий нь төлүүлэх гэж хөөрхий арван хэдтэй охиныг зарц боолоо болгож, байнга зодож нүдэн, хүчээр биеий нь үнэлүүлэх гэж байгаа тэр өөдгүй харгис авгайг та тэвчин сууж чадна гэж үү? Өөрийн эрхгүй л бачуураад эхэлдэг юм даа.

Хөөрхий Нелли охин минь би чамайг хэчнээн их өрөвдсөн гээч, яг л Ваня ах шиг чинь. Уншиж дуусаад Ээ бурхан минь гэж их л уртаар санаа алдсан даа. Өнөөдөр ч манай нийгэмд гэмгүй шударга хүмүүс хохирсоор, заль мэхтэй луйварчид сайн сайхан амьдарч байна. Сонгодог уран зохиолын нэг мөн чанар нь аль ч цаг үед дэвшүүлсэн санаа нь чухал хэвээр байхад оршино. Нэр төрөө эрхэмлэх нь хамгаас сайхан зүйл юм даа. Олигархи баян хүн өнөөдөр сайхан амьдравч хожим хойно хэдэн үеэрээ хараалгаж явахыг хэн мэдэх билээ. Надад ийм л бодол төрсөн юм.

"Достоевскийг уншиж шаналахгүй юм бол уран зохиол уншдаг гэж омогдоод яах вэ" гэж нэг номд дурлагч бүсгүй хэлсэн юм. Энэ бол Достоевскийн зохиолыг уншихын учир холбогдолыг тодорхойж хэлсэн эмоцитой гоё эшлэл. Достоевскийн зохиолын баатрууд хувь хүн талаасаа маш хүчирхэг, хэний ч хараат байхыг хүсдэггүй, хувийн эрх чөлөө, нэр төрөө эрхэмлэдэг тийм л хүмүүс байдаг. Үй олон гэмгүй шударга хүмүүс нийгмийн хамгийн хүнд ачааг үүрч яваа гэдэгт би эргэлздэггүй.