..Далан мянган жилийн өмнө Хомо сапеианс Африкийн нэгэн хязгаарт зөвхөн өөрийнхөө ажил хэргээ л бодсон, ямар ч ач холбогдолгүй мөрөөрөө амьтан байв. Дараагийн мянган жилд нь бүхэл бүтэн гарагийн эзэн болгож, эко тогтолцоог бүхэлд нь сүйрүүлэх их хувьсгал эхэллээ. Өнөөдөр тэр бурханд хувирахын даваан дээр, мөнхийн залуу оршихоос гадна бүтээх, сөнөөх гэх мэт бурханы чадварыг олж авах гээд зогсож байна...

Энэ бол сапиенсын түүх номын төгсгөлийн үг. Мөрөөрөө хоол хайж явсан тэр амьтан ямар учир шалтгаанаар яаж яваад ийм богинохон нүд ирмэх төдий хугацаанд гараг дэлхийн эзэн болж чадаваа гэдэг таны сонирхолыг татаж байгаа биз дээ. Хомо сапиенс бурханы бүтээл үү, харь гарагийн туршилт уу, зүгээр л түүнд аз тохиосон юм уу эсвэл ямар нэгэн онцгой бидний мэдэхгүй далд нууц байна уу? Энэ бүх асуултын хариултыг энэ номноос та мэдэж авна.

Хомо сапиенсын түүх нь ТАНИН МЭДЭХҮЙН хувьсгалаар эхэлж, ХӨДӨӨ АЖ АХУЙН хувьсгалаар эрч хүчээ авч, ШИНЖЛЭХ УХААНЫ хувьсгалаар оргилдоо хүрчээ. Зохиогч уг гурван хувьсгал гарах болсон нөхцөл шалтгаан, уялдаа холбоо, гарсан үр дүн нөлөө зэргийг мэдээлэл баримтанд тулгуурлан системийн анализ хийж, маргах аргагүй өргөн цар хүрээтэй гаргалгаанууд бидний өмнө тавьж байна. 

Мэдээллээс мэдлэгт хүрэх зам амаргүй ч нэгэнт олж авсан мэдлэгээ эрэмбэ дараанд оруулж чадахгүй бол ямар үнэ цэнэ, ач холбогдолгүй факт баримтын тасархай төдий цаасан овоолго болох билээ. 

Тиймээс хүн төрөлхтний түүхийн талаарх бодит баримтанд тулгуурласан шинжлэх ухаанч системтэй мэдлэг олж авахад энэ ном туслах юм. Энэ бол зүгээр нэг түүхийн хялбаршуулсан бүтээл биш өөр өнцгөөс харж, бичлэгийн чөлөөт хэв маягаар багагүй даажинтай, егөөтэй бичигдсэн уншихад амттай, кайфтай бүтээл юмаа.

Хоёр хөлт хохимой толгойт хомо сапиенс анхнаасаа мундаг стратеги боловсруулж, алсын зорилготой ажил хэрэг төлөвлөсөн нь үгүй. Бусад биологийн олон төрөл зүйлийн нэгэн адил хувьсалаар бий болсон энэ амьтан хоол унд, орон зайн тэмцлийн төлөө явахдаа хэл яриа нь хөгжиж, төсөөлөн бодох чадвартай болсон нь цаашдынх нь хувь заяанд эргэлт буцалтгүй өөрчлөлт гарах анхдагч том нөхцөл шалтгаан, аз тохиосон хэрэг тэр байжээ. Аз нь шовойсон сапиенсууд хүрээгээ тэлэхийн хэрээр бусад олон төрөл зүйлийн амьтад мөхөж сөнөн орон зайн хувьд хязгаарлагдаж энэ урвуу хамаарал нь геометрийн прогрессоор өссөөр өнөөдөр гараг дэлхийг хаанчилсан төдийгүй цаашид сапиенсээс өөр төрлийн хүн бий болох тийм эргэлтийн цэг дээрээ ирээд байна. Байгалийн мөхөл сүйрэл болоогүй байлаа ч сапиенс биологийн төрөл зүйлийнхээ хувьд устаж байгалийн хуулинд захирагдахгүй өөрөө өөрийгөө бүтээгч цоо шинэ "амьтан" буюу франкштэйн болох тэр гараан дээрээ ирлээ гэсэн үг. Хачирхалтай, цочирдмоор, үнэмшилгүй мэт санагдах ч технологийн хувьсгалаар сапиенсын түүх төгсөж, цоо шинэ эхлэл бий болох гэж байна! Одоо түүнд бурхан хэрэггүй гэсэн үг! Бурханыг орлож, бурхны дүрд хувирах гэж байгаа сапиенсын энэ хувьсал өөрийнх нь хувьд хөгжил цэцэглэлт мөхөл сүйрлийн аль нь болохыг цаг хугацаа л харуулах бизээ.

Түүх өөрөө урьдчилан таамаглах нь бүү хэл, учир шалтгааны хөөж олоход дэндүү хэцүү нэгдүгээр эрэмбийн хаос үзэгдэл болохыг зохиогч дурдсан байна. 

Энэ бол түүхийн төдийгүй, философийн ном юм.

Учир нь хүний амьдралын утга учир, мөн чанарын талаар эргэцүүлж бурхан оршин буй эсэх талаар тун ч даацтай эрэл хайгуул, гаргалгаа дүгнэлт хийжээ. Түүхийн орооцолдсон утасны хэлхээг учры нь олж хужры нь тунгаая гэвэл өнөөдрийн өндөрлөгөөс биш сансрын уудмаас тольдож нэгэн бүхлээр нь харж чадваас сая үнэнд ойр үнэмшилтэй тайлбар гаргалгаа хийж болох юмаа гэдгийг энэ ном харуулж байна. Түүхийн мэдлэг гэхээсээ илүү түүхэнд болсон үйл явдлын нөхцөл шалтгаан, түүнээс урган гарсан үр дагавар нь юу вэ гэдгийг тун гярхай мэдэрч бичсэн, шинээр нээж харсан олон логик дүгнэлт энэ номыг чимж байнаа.

Мэдлэгээр бярдаж, ухаанаар урлаж, мэдрэмжээр хөглөн бичнэ гэдэг л энэ байхаа. Үнэхээр үүнээс илүү үнэмшилтэй, бодитой, даацтай уншууртай бичнэ гэдэг бараг л боломжгүй юм шиг санагдлаа. "Бурханаас сонгогдсон" Еврэй үндэстний түүхч бурханыхаа урдаас, бурханыг төлөөлсөн хүний өөдөөс эгц харж байгаад хатуу үнэнийг зоригтой хэллээ дээ. Уншихад урамтай, уншсан хойноо эргэцүүлэн бодох юм ихтэй, "мөлжүүртэй" энэ ном таны ширээг их л удаан чимнэ гэдэгт би эргэлзэхгүй байна.