Улс тунхагласны баяр энэ сарын 26-нд, Их эзэн Чингис хаан мэндэлсний өдөр энэ сарын 27-нд тохиож буй. Дээрх өдрүүдэд бүх нийтээр амардаг журамтай.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр мэдээлэл хийж, дээрх өдрүүдэд болох үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулав.

Тэрээр мэдээллийнхээ үеэр "Улс тунхагласны баяр гэж бидний ярьдаг өдөр бол Улсаа тунхагласан өдөр биш. Буруу яриад сурчихсан. Энэ өдөр бол Үндсэн хуулиа баталж, Хаант засаглалаас Бүгд найрамдах улсын хэлбэрт орсны баярын өдөр. Ойгоо тэмдэглэх нь энэ буруу ойлголтоо засах нэг боломж юм.  Тус өдөр болон Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр хоёр дараалж буй учир хоёр өдөр болох бөхийн барилдааныг нэг өдөр явуулна. Бөхийн барилдаан 11 дүгээр сарын 27-нд "Буянт Ухаа" спорт цогцолборт болно. Барилдааны шагналд хоёр тэмдэглэлт өдрийн шагналыг нийлүүлж олгоно" хэмээн мэдэгдлээ.