Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "2020 оны 10 дугаар сарын 12, 13-нд нийт 1352 хүнд шинжилгээ хийсэн. Тэдний 1350-аас нь коронавирус илрээгүй. Хоёр хүнээс коронавирус илэрлээ. Энэ нь 10 дугаар сарын 10-нд Токио-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 30 настай эрэгтэй, 20 настай эмэгтэй нар байна. Улмаар тус нислэгээр ирсэн хүмүүсээс нийт 4 хүн коронавирусийн халдвартай болох нь тогтоогдлоо. /Тус нислэгээр нийт 295 хүн эх орондоо ирсэн/

Сүүлийн хоёр хоногт нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс ажиглалтын сувилалд шилжлээ. Тухайн хүн нь 9 дүгээр сарын 09-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 53 настай эрэгтэй, ачааны машины жолооч, ОХУ-ын иргэн байна.

Монгол Улсад коронавирусийн нийт 320 тохиолдол бүртгэгдсэнээс 311 буюу 97 хувь нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсийн 297-гийнх нь бүх ажиглалт тандалт дууссан. 4 хүн гэрийн, 10 хүн сувиллын ажиглалтад байна. ХӨСҮТ-д 9 хүн эмчлүүлж буйгаас 7 хүний биеийн байдал хөнгөн, 2 нь хүндэвтэр байна..

Ажиглах байранд тусгаарлагдан хянагдаж байсан эмэгтэй өнөө өглөө 04:20 цагт ХӨСҮТ-д ирж амаржлаа. 2.8 кг жинтэй хүү төрсөн. Одоо ХӨСҮТ-д нийт 29 хүн ажиглалт, тандалт, эмчилгээнд байна" хэмээлээ.