Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэд хоногийн өмнө ДБЭТ, УДЭТ, Төв номын санг нурааж өнөөгийн өнгө төрхөөр нь дахин барих болсон тухайгаа дуулгасан. Зураг макетыг нь хийхэд 1.2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн аж.

Дуурийн театр нураах гэж буйг иргэдийн зүгээс хуучны бүтээн байгуулалтыг нураах нь зохисгүй хэрэг хэмээн үзэж байна. Учир аль ч улсад хуучин барилга байгууламж нь үнэ цэнтэй, түүхийн дурсгал гэж үздэг.  

Харин тус театрт ажиллаж уран бүтээлээ туурвидаг уран бүтээлчид нь "Сүүлийн үеийн тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг, хөшиг тогтоох болоход тааз нь дийлэхгүй болсон, анхнаасаа Залуучуудын соёлын төвийн зориулалтаар баригдсан учраас үзэгчдийн суудлын зохион байгуулалт, тайз нь театр биш, хурлын танхим шиг шийдэлтэй. Тиймээс уг барилгыг буулгаад дахин барих нь зөв гэж бодож байна" хэмээн тайлбарлаж байна.

Харин 2016 онд Engelbert Zollner нарын байшингийн насжилтаар мэргэшсэн шилдэг мэргэжилтэнгүүд ирэхдээ тэс өөр дүгнэлт хийгээд буцжээ. Тэд Дуурийн театрын барилгыг бүхэлд нь үзэж харж, нарийн багаж төхөөрөмжөөр элэгдэл эвдрэлийг нь  шалгаж тогтоосон байна. Мөн тус театрын барилгын цемент, тоосгоноос  дээж авч явж Европын өндөр зэрэглэлийн лаборторид шинжилжээ. Дүгнэлт нь нураах шаардлагагүй гэж гарсан бөгөөд "Хэрэв танайх энэ барилгыг чийг болон насжилттай холбоотойгоор буулгах гэж байгаа бол Вена хотын бүх барилгуудыг бас нураах хэрэгтэй болно шүү дээ" хэмээн хэлжээ.

Юутай ч одоогоор Драмын болон Дуурийн театр, Төв номын сангийн барилгыг буулгах эсэх шийдвэр гараагүй байна.