Ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүнийг борлуулж байгаа асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу өнөөдөр (2019.12.04) УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны ажлын албанаас нийслэлийн зарим сургуулиудад ажиллав. 

Өргөдлийн байнгын хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын холбогдох мэргэжилтнүүдийн хамтаар Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элит” олон улсын дунд сургууль, Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар сургуулийн орчинд нөхцөл байдал ямар байгааг шалгасан юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 340 дүгээр тушаалаар сургууль цэцэрлэгийн орчинд худалдахыг хориглосон хүнсний жагсаалтад хийжүүлсэн ундаа, өнгө оруулсан ундаа, түргэн хоол зэргийг оруулсан. 

Гэвч дээрх жагсаалтад дурдсан  хоол, хүнсний бүтээгдэхүүн сурагчдын хамгийн ихээр хэрэглэдэг зүйлс байгаа юм. 

Сургуулиудын цайны газар, буфетэд жимс жимсгэнэ огт худалдаалдаггүй. Дээрх бүтээгдэхүүнүүд сургуулийн буфетэд байхгүй тохиолдолд хүүхдүүд сургуулийн ойролцоох дэлгүүрүүдээс чөлөөтэй худалдан авдаг. Иймд сурагчдын эрүүл бус хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг бууруулахын тулд сургуулийн буфет, цайны газраас гадна сургуулийн орчинд үйл ажиллагаа явуулж буй дэлгүүр, цайны газруудад дээрх бүтээгдэхүүнийг худалдаалахыг хязгаарлах арга хэмжээ авах шаардлагатай байгааг албаны хүмүүс хэлж байна.

Тодруулбал, одоогийн байдлаар сургуулийн орчинд буюу сургуулийн гаднах бүсэд худалдан борлуулахыг хориглосон ямар нэгэн зохицуулалт байхгүй байгаа юм. Харин 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн 3.1.4-т ““сургуулийн орчин” гэж сургуулийн байр, дотуур байр болон Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтад заасны дагуу сургуульд эзэмшүүлсэн газар, түүнээс эргэн тойронд 150 метр хүртэлх газрыг ойлгоно” хэмээн зохицуулсан байна. Энэ хууль 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх бөгөөд тэр хүртэл зохицуулалтгүй хэвээр байхаар байна.

Цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан хоол үйлчилгээнд хориглох хоол хүнсний түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний жагсаалт (ЭМС-ын 2013 оны 207 дугаар тушаал)

1.Чихэр, мөхөөлдөс, шоколад зэрэг энгийн нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүн

2.Нийлэг буюу химийн аргаар гарган авсан кремтэй бүтээгдэхүүн

3.Бүх төрлийн цуужуулсан, утсан, лаазалсан, бүтээгдэхүүн (давсалсан самар, цуу, загас, хиам, махан бүтээгдэхүүн, зайдас)

4.Өндөг, хуурай өндөг, майонез

5.Байгалийн бус өтгөрүүлсэн сироп ашиглаж үйлдвэрлэсэн бүх төрлийн шүүс

6.Бүх төрлийн хийжүүлсэн ундаа

7.Кофе

8.Их тосонд шарсан бүтээгдэхүүн, хоол хүнс (шарсан төмс, шаржигнуур тахиа)

9.Түргэн хоол (пицца, гамбургер, хотдог)

10.Төрөл бүрийн нийлэг химийн аргаар гаргаж авсан хоол амтлагч (вигор, дошида)

11.Шөлний тос, өөхөн тос түүгээр хийсэн бүтээгдэхүүн (гэрийн хайрсан боорцог, мушгиа боов)

12.Хайлуулсан элсэн чихэрт дүрж амталсан гурилан бүтээгдэхүүн

13.Дулааны боловсруулалтад орсноос хойш тасалгааны хэмд 3 цаг буюу түүнээс дээш хугацаанд хадгалсан болон хоносон хоол, хүнсний бүтээгдэхүүн

14.Холбогдох хяналтын байгууллагаас эрсдэлийн үнэлгээ хийлгээгүй хувиргасан амьд организмоос гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, биологи (бактер буюу нян, хөгц мөөгөнцөр г.м) болон химийн бохирдол (ариутгагч бодис, шавьж устгалын бодис г.м)-оор бохирдсон хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдээр бэлтгэсэн хоол хүнс

15.Технологийн горим мөрдөөгүй хийсэн (дулааны боловсруулалтад дутуу оруулсан, боловсруулалтын хугацаа алдагдсан г.м) хоол хүнс

16.Төрөл бүрийн гүн болон хагас хөлдөөсөн бүтээгдэхүүн

17.Дагалдах бичиг баримтгүй (шинжилгээний бичиг, гарал үүслийн бичиг) хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдээр бэлтгэсэн хоол хүнс

18.Хувь хүнээс (гар дээрээс) шууд худалдан авсан хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдээр хийсэн хоол хүнс

19.Хоол, хүнсний бүтээгдэхүүн бүхэлдээ буюу зарим хэсэг нь бохирдсон, ялзарч муудсан, эсвэл хүнсний хэрэгцээнд тохирохгүй болсон

20.Өвчтэй болон үхсэн мал, амьтны мах, дотор эрхтэн

21.Мах махан бүтээгдэхүүнд хөнөөл учруулах, хордуулах, ялзруулагч бодис агуулсан материалаар хийсэн сав, боодол ашигласан