Бид хооллох үедээ эсвэл хоолны дараа хийжүүлсэн ундаа ууж болохгүй гэж мэддэг ч учир шалтгааныг нь төдийлөн сайн ойлгодоггүй. 

Хийжүүлсэн ундаа хэрэглэх нь таны хоол тэжээлээс авч буй илчлэгийн хэмжээг нэмээд зогсохгүй дараах сөрөг үр дагаврыг авчирдаг.

Нэгдүгээрт, чихрийн хэрэглээг нэмэгдүүлдэг

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг гурил, будаа, жимс, ногоо, үр тариа нь нүүрс ус гэсэн шим тэжээлийн бүлэгт харьяалгагддаг. Нүүрс ус нь таны биеийг энергиэр хангах үндсэн үүрэгтэй бөгөөд элгээр дамжин глюкоз болон задардаг. 

Тиймээс хийжүүлсэн ундаа хэрэглэх нь хоол тэжээлээс авч буй нүүрс усны хэрэглээг нэмэгдүүлж, элгийг ачаалуулдаг байна. Энгийнээр хэлбэл өдөрт авах ёстой чихрийн хэмжээгээ хэтрүүлэн идэж байна гэсэн үг юм.  Хэт их чихэр хэрэглэх нь цусан дахь инсулины хэмжээг нэмж, зүрх судасны өвлөлт өртөх магадлалыг ихэсгэдэг. 

Хоёрдугаарт, ясны бат бөх байдалд сөрөг нөлөөтэй

Ихэнх хийжүүлсэн ундаанууд их хэмжээний фосфор агуулдаг. Гэвч хүний биед фосфор илүүдвэл хоол тэжээлээс авч буй кальцийн шимэгдэлтийг бууруулдаг аж. 

Тиймээс хийжүүлсэн ундаа уух нь кальциар дэмжигддэг яс, шүд, булчингийн агших сунах чадвар, цусны эргэлтэд сөргөөр нөлөөлдөг.

Гуравдугаарт, эрдэс, амин дэмийн шимэгдэлтийг бууруулдаг

Ам цангасан эсвэл хооллох үедээ хийжүүлсэн уух хэрээр хүн өдөрт уух ёстой хэмжээнээсээ бага ус уудаг. Энэ нь эргээд хүний бие уснаас авах ёстой эрдэс, амин дэмээ авч чадахгүй байх, усанд уусдаг витаминууд задарч, үйлчлэлээ үзүүлж чадахгүй байх сөрөг үр нөлөөтэй. 

Түүнчлэн хийжүүлсэн ундаанууд кофейн /caffeine/ ихтэй учраас уусны дараа ч цангах мэдрэмж төрүүлж, биеийн тогтвортой байдлыг алдагдуулдаг ажээ.