2013 оны байдлаар дэлхийн нийт краны 25 хувь нь Дубайд ажиллаж байна гэж дэлхийн хэвлэл мэдээллээс уншиж байсан.

1990-ээд оны дунд үед нефть, байгалийн хийн нөөц нь барагдсан Дубайн Эмират 2020 он хүртэлх үндэсний хөгжлийн стратегиа боловсруулж, хөгжлийн зураг төсөл, хөрөнгө оруулалтын сангуудыг дотоод, гадаад талуудын оролцоотой цогц хэлбэрээр үүсгэн байгуулж, 2001 онд 42 чиглэлийн дэлхийн тэргүүлэх мэдлэгийн кластерүүд бүхий 72,000 барилгыг нэг л өдрийн дотор нэгэн зэрэг элсэн цөлд эхлүүлж байсан нь саяхан.

Дубай хүн төрөлхтний түүхэнд хөгжлийг “түлхүүр гардуулах” загвараар шийдвэрлэсэн анхдагч орон болохоос гадна хөгжлийг “түлхүүр гардуулах” нөхцлөөр шийдэж болдгийг баталж, МЕГА (олон төрлийн мэдлэгийн кластерийг нэгэн зэрэг хөгжүүлэх загвар) хөгжлийн загвар гэгчийг зөвхөн цаасанд буулгах бус, жинхэнэ утгаар нь бүх дэлхийн хүн төрөлхтөнд бодит амьдралд бүтээж харуулсан.

“Түлхүүр гардуулах” загвар (Turnkey model) гэдэг нь хөгжлийн стратеги, зураг төслийн мастер төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын иж бүрэн сан, бүтээн байгуулалтын инженерчлэлийн компани, менежментийн компани зэрэг тал талын үүрэг чиглэл бүхий багийг иж бүрнээр нь бүрдүүлж, 42 төрлийн аж үйлдвэрийн кластеруудийг нэг дор бүтээн байгуулахыг хэлдэг байх нь. Үүнийг үүсгэхдээ татваргүй, чөлөөт бүсийн статусыг 42 төрлийн кластерт хэрэгжүүлснээр дэлхийн хөрөнгө оруулагчид тус “татварын диваажин” цуглан, Дубай хот өөрсдөөсөө бага хэмжээний хөрөнгө гарган өөрийн хөгжлийн асуудлаа шийджээ.
Дубайн хөгжлийн эхэн үед авилгалын хэрэг гарч байсан ч цаг тухай бүрт нь хатуу арга хэмжээ авч чадснаар авилгалаас ангид орон болсон туршлагатай аж.

Дубай хөгжлийнхөө явцад баримталсан голлох зарчимууд:

1. Дэлхийн хөрөнгө оруулагчид амжилтад хүрсэн үед л Дубай хөгжлийн диваажин болно гэсэн уриалга гаргасан.
2. Дубайн 42 төрлийн аж үйлдвэрийн кластеруудыг хөгжүүлэх ажилд “оролцогчид” салбар салбартаа дэлхийн хөгжил дэвшлийн түүчээлэгчид байх зарчмыг баримталсан.

Тухайлбал дэлхийд хамгийн нэр хүндтэй архитектур, барилга угсралт, ногоон хөгжил, зар сурталчилгаа ба пиар, консалтингийн компаниуд, хөрөнгө оруулалтын банк болон сангууд тэр ч бүү хэл дэлхийд алдар цуутай эрдэмтэд, туршлагатай инженер, менежер, эм сувилагчид зэрэг бүх салбарын түүчээлэгчдийг татан оролцуулж, бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэлэлцүүлж байсан бөгөөд бүтээн байгуулалтын дараах үйлчилгээ болон менежментийг тогтвортой явуулах нөхцлийг бүрэн цогцоор хангаж өгчээ.
Элсэн цөлд хэдэн тэмээтэй, түүнийхээ сүү, махаар хооллож явсан, хүн төрөлхтний түүхэнд ач холбогдол багатай оршин байсан арабчууд хэрхэн элсэн цөлийн гайхамшгийг бүтээв гэх бодол шууд толгойд бууна.

Dubai Vision


Дубайн гайхамшгийг бүтээсэн Дубайн удирдагч Шейк Мухамедийн “Миний мөрөөдөл: Дэлхийн гайхамшгийг бүтээх тэмцээн дэх сорилтууд” (My Vision: Challenges in the Race for Excellence) гэдэг номондоо “Үндэстний удирдагчийн хүсэл ямар агуу байна, ард түмний амьдрал тэр хэмжээгээр сайхан, харин удирдагч нь моралгүй бол улс орон, ард түмний доройтол ядуурал нүүрлэж байдаг” талаар бичжээ.

Удирдагчдын хүсэл, эрмэлзэл нь агуу, морал өндөртэй байснаар ард түмнээсээ төдий хэмжээний тэвчээр, хатуужил, хөдөлмөрч байхыг шаардах нөхцөл бүрэлдэх тухай тэрээр дахин дахин онцолсон. Шейк Мухамед өөрийнхөө тойрон хүрээлэгч нартаа “Үндэсний удирдагчид моралаа алдвал, улс оронд хулгай дээрэм, завхрал, авилгал зэрэг муу муухай бүхэн хүчээ авч, тамын тогооны үлгэр адил болдог, хүн төрөлхтний түүхэн цаг үе дэх сургамжуудыг үргэлж санаж яв” хэмээн захидаг байна.

Тэрээр мөн Арабын бүх түвшний удирдагчдад авилгын эцсийн үр дүн нь иргэдийн амьдарлыг там болгож, амь нас нь баталгаагүй болдог харин авилга авсан эрх мэдэлтнүүд нь шоронгийн хадаас болж дуусахаас гадна түүхэнд үндэстнийхээ дайсан гэсэн мөнхийн нэр зүүж үлддэгийг захиж бичсэн. Арабын хаврын хувьсгал ард түмний амьдарлыг там болгосон Арабын орнуудын удирдагчдын “үйлийн үр” гэж тэрээр дүгнэсэн байна.


Лицензээр архи уудаг 


Дубайн удирдагчийн философид архи хэзээ ч хүн төрөлхтөнд хөгжил дэвшил авчирдаггүй гэсэн байна. Тиймээс ч Дубайд архи ууя гэвэл учир шалтгаанаа тоочиж, засгийн газарт хүртэл мэдүүлж, хичнээн хэмжээний согтууруулах ундааг ямар шалтгаанаар хэрэглэх тухайгаа мэдэгдэн, засгийн газраас лиценз авч байж архи олгодог тусгай дэлгүүрт очиж, яагаад архи уух болсноо дахин тайлбарласны эцэст архи худалдан авдаг ажээ. Зөвшөөрлийн лицензгүйгээр Дубайн уугуул иргэн архи уусан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэгдэн, хуулиар шийтгэгддэг байна.

Гадаадын иргэд 5–7 одтой зочид буудалд чөлөөтэй согтууруулах ундаа хэрэглэж болох ч нийтийн гудамж талбайд согтууруулах ундаа хэрэглэвэл эхний удаа 5.000 ам.доллараар торгуулж, давтан хэрэг үйлдвэл 10.000 ам доллар, гурав дахь удаагаа согтуугаар цагдаад баригдвал энэ улсад зорчих эрхийг нь үүрд хасах арга хэмжээ авдаг юм байна.


Мэдлэгийн хот


1970-аад онд Английн клончлолоос чөлөөлөгдөн, тусгаар тогтнолоо олсон Арабын Эмиратын Нэгдсэн Улс тухайн цаг үедээ ерөнхий боловсролын ч сургуульгүй байжээ. Харин 2001 оноос “Мэдлэгийн Хотхон” нэртэй кластерийг хөгжүүлж, дэлхийн 70 гаруй их сургуулийн салбарыг өөрийн орондоо байгуулж чадсан. Арабын Эмратын залуучууд дэлхийн боловсролыг эх орондоо эзэмших болсноор тэдний валютын нөөц гадагшаа урсах урсгалыг зогсоож тэр ч бүү хэл дээд боловсролыг экспортолдог орон болтлоо хөгжиж, үндэсний валютын нөөцийг нэмэгдүүлж чаджээ.


“Хуучин маягийн дунд давхарга баяртай” хөгжлийн стратеги


Дубай хөгжлийн стратегиа тодорхойлохдоо хөдөлмөрийн хүч цөөн шаардагддаг, дэлхийн өндөр орлоготой иргэдийн зах зээлийг сонгон аж үйлдвэрийн салбараа хөгжүүлсэн байна. 21-р зуун бол мэдлэгийн, оюуны ширүүн өрсөлдөөнтэй зуун болох учраас Дубайн иргэдийг оюуны чадвар өндөртэй, шинжлэх ухаанч, бүтээлч салбаруудад мэргэжил эзэмшиж, шинэ мэдлэг, шинэ зах зээлийг бүтээдэг, хурдтайгаар даяарчлагдаж буй дэлхийд дасан зохицох чадвар өндөртэй дунд давхарга болгон төлөвшүүлэх бодлого баримталжээ.

Түүнчлэн, тэдний зорилтот зах зээл нь орлого өндөртэй дэлхийн иргэд байсан учир Дубайн хөгжлийг дунд давхаргад зориулан төлөвлөөгүй аж. Дэлхийн түүчээ орон болох гэсэн амбицд тохирохгүй байсан учир тэр биз. Шейк Ал Мактум хэлэхдээ, Дубай дэлхийгээр дутахгүй, харин дэлхий Дубайгаар дутна гэсэн итгэл үнэмшлийг ард иргэдийнхээ ухамсар болгон төлөвшүүлэхийг зорисон гэжээ.

Дубай хот хуучин ба шинэ гэж хуваагдах бөгөөд хуучин Дубай нь 45 км, шинэ Дубай нь 100 гаруй км үргэлжлэх бөгөөд хотын нийт хүн амын 90 хувь гадаадын иргэд байхаас гадна тэдний 60 хувь нь Энэтхэгчүүд эзэлдэг байна. Дубайн уугуул иргэд банкнаас 2,5 хувь, гадаад иргэд 14–16 хувийн хүүтэй зээл авдаг. Түүгээр үл барам уугуул иргэдийн өрхийн өдөр тутмын хоол хүнс, орон сууц, ахуйн хэрэглээний зардлыг төр нь даадаг. Өдөр тутмын хэрэгцээгээ хангаж, амьд явахын төлөө биш харин дэлхийг засаглахын төлөө амьдар гэсэн үндэсний хүсэл, төрийн бодлоготой байдаг учир дээрх халамжийн бодлогыг хэрэгжүүлдэг байна.