Шинэ жилийн үеэр баяр тэмдэглэж яваад хөлдөж, осгох, цаашлаад гар хөлөө тайруулдаг харамсалтай тохиолдол нэлээд гардаг гэсэн статистик бий. Энэ талаар ГССҮТ-ийн их эмч О.Лхагва-Очиртой ярилцлаа.


-Шинэ жилийн баярын үеэр архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж осгох тохиолдол хэр гардаг вэ?

-Энэ онд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осолд орж, гэмтсэн 8000 гаруй тохиолдол бүртгэгджээ.

Оны дуустал энэ тоон үзүүлэлт нэмэгдэх нь гарцаагүй. 

Ялангуяа энэ өдрүүдэд эрчүүд зуны ботинк, эмэгтэйчүүд туфли, сандал, гоёлын хувцастай осгосон байдалтай ирж түргэн тусламж авдаг.

Архи ууж, дотроосоо халж халамцсан хүн даарахаа мэдэхгүй  гарснаас хөл гараа хайруулах, тайруулах тохиолдол гарч байна. 

Амьдралдаа хар толбо үлдээж, эд эрхтнээ тайруулж байгаа эдгээр залуусыг хараад маш их харамсдаг.

Бичлэг үзэх:


-Жилд хэд орчим хүн архидалтын шалтгаанаар эд эрхтнээ тайруулдаг бэ?

-Жилд дунджаар 60 гаруй хүн гар хөлөө тайруулдаг гэсэн тоо баримт бий. Баярын үеэр яаж хөөрч, догдолсон ч ийм том эрсдэл дагаж явааг мэддэг баймаар байна.

Хийж бүтээх, хөдөлмөрлөх идэр насандаа ууж идэхдээ учиртай л хандаасай, залуус.

-Хамгийн сүүлд ямар харамсалтай тохиолдолтой нүүр тулсан бэ?

-40 гаруй насны эмэгтэй согтуудаа осгож, ГССҮТ-д хүргэгдсэн ирсэн юм. 

Уг нь байгууллагын шилдэг ажилтнаар тодорсон юм билээ. Өнөө л муухай зангаараа тэр эгчийг архиар шахсан хэрэг. Архины халуунд гарч яваад гудамжинд тасарч унаснаа ч мэдээгүй.

Уг нь архи огт амсдаггүй хүн байсан юм билээ. 

ГССҮТ-д ирэхдээ гарын арван хуруу нь хөлдөж, мэдрэлгүй болчихсон учраас  тайрахаас өөр сонголт үлдээгүй. 

Эмчийн хувьд ч тэр хүний хувьд сонсоход ч хэцүү шийдвэр байсан..

Манайханд архи уух шалтаг, шалтгаан олон байдаг шүү дээ. Тэр бүрд ухаанаа урдаа барьж, архи уухгүй гээд хэлж сурахад л болох асуудал шүү дээ.

Үнэндээ ууя гэвэл шалтаг мундахгүй. 

Ялангуяа залуучуудын дунд баасан гараг бүр уулзалдаж, архи уудаг соёл тогтжээ. Архидалт бүрийн цаана асуудал, цаашлаад амь насаа алдах гуниг, зовлон дагаж явдгийг бүү мартаарай.