МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа тэглэх асуудлыг хэлэлцжээ.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Тус ажлын хэсэг өнөөдөр МАН-ын бүлгийн хуралдаанд зарчмын гурван санал танилцууллаа. 

Нэгдүгээрт, 6 саяас доош төгрөгийг зээлтэй ахмадуудын зээлийг тэглэнэ. Энэ хэмжээнээс дээш зээлтэй иргэдийн зээлийн 6 саяыг төлнө. Зээлтэй нийт 230.000 ахмадын 91.6 хувь нь 6 саяас доош төгрөгийн зээлтэй байна.

Хоёрдугаарт, Тэтгэврийн зээлгүй 192.000 ахмад байна. Тэдэнд Салхитын мөнгөний ордоос нэг сая төгрөгийн үнэт цаас гаргаж өгье.

Гуравдугаарт, Зээл тэглэх тухай хуульд тэтгэврийн зээлийг цаашид олгохгүй байхаар тусгасан. Тэгэхээр тэтгэврийн зээлийг байхгүй болгохоо болъё. Гэхдээ зургаан сараас хэтрэхгүй хугацаагаар олгоё гэсэн гурван асуудлыг хэлэлцлээ. МАН-ын бүлэг дэмжсэн.

Уг саналыг Эдийн засгийн байнгын хороо болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор өнөөдөр хэлэлцээд, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийднэ" хэмээлээ.