УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "Бурхан багшийн их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх өдөр" болгох тухай хуулийн төслийн талаар тайлбар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

Бид сошиалд хөтлөгдөж аливааг буруу талаас нь хараад байна. Уг нь эхлээд эерэг талаас нь харах хэрэгтэй. Үндсэн хуульд  төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэх зарчим бий. Уламжлалт бурхны шашныг сэргээж нийгмийн оюун санааг сэргээх, соён гэгээрүүлэх үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, ядуурлыг бууруулах, зовлон гамшигт нэрвэгдсэн хүн ардад туслалцаа үзүүлэх, хүнлэг энэрэнгүй, ёс зүйтэй, төлөвшсөн нийгмийг уламжлуулах үндсэн санаагаар энэхүү хуулийг өргөн барьсан. Төслийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл санаа дээр суурилж боловсруулсан.

2010 онд хийсэн хүн амын нэгдсэн тооллогоор 15-аас дээш насны хүн амын дийлэнх хувь нь буюу 53 хувь нь өөрийгөө бурхны шашинтан гэж тодорхойлсон нь Монгол Улс бурхны шашинтан орон болохыг харуулж байгаа юм. Өнөөдөр гэхэд төслийг дэмжиж 300 гаруй мянган иргэдийн санал төв гандантэгчинлэн хийд болон сүсэгтнүүдийн холбоогоор дамжуулан УИХ-д ирээд байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Бурхан багшийн Их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар 1999 онд шийдвэрлэсэн. Ийнхүү энэ өдрийг дэлхий даяараа тэмдэглэж байна шүү дээ. Иймээс энэхүү хуулийн төслийг өргөн барьсан. 

Энэ хуулийг шашнаа ялгаварласан гэж зарим нь үзэж байгаа бололтой. Үүнийг зөвөөр ойлгох ёстой. Монголчууд маань үндэсний түүх, хэл, соёл, шашны өв уламжлал, зан заншлаа хадгалан хамгаалж, эцэг эхийн ачлал санахыг бодож энэ хуулийг санаачилсан. Энэ өдрөөр олон оронд энх тайвны жагсаал цуглаан хийж, мод тарьж, цэвэрлэгээ хийх зэргээр нийгэм, олон нийтийг хамарсан сайн үйлс дэлгэрүүлдэг, зохион байгуулдаг. Төр нь хөнгөн ялтай иргэдэд уучлал үзүүлдэг жишиг ч бий. Ер нь бурхны шашин соён гэгээрүүлэх хамгийн том үүрэг гүйцэтгэж ирсэн. Энэ үүргийг нь сэргээж авч явах цаг нь болсон.