Шинэ коронавируст халдвартай холбоотой асуудлаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Зургаадугаар сарын 03-нд гурван лабораторт нийт 469 хүний шинжилгээг хийсэн. 468-аас нь коронавирус илрээгүй. Нэг хүнээс коронавирус илэрлээ. Тус хүн нь тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн. Түүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.

Өнөөдөр сайн мэдээтэй. 21 хүн эдгэрэн ХӨСҮТ-өөс гарч, дараагийн сувилал руу шилжлээ. Тэдний 9 нь оюутан, бусад нь ОХУ-д ажил үүрэг гүйцэтгэж яваад ирсэн хүмүүс байна. 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 157 хүн ажиглалт, эмчилгээнд байна. Нийт 65 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарсан. 36 нь сувилалд, 16 нь гэрийн ажиглалтад байна. 13 хүн ажиглалтаас бүрэн гарсан.

Тавдугаар сарын 13, 14-нд ирж, коронавирусийн халдвартай нь тогтоогдсон хүмүүсээс ихэнх нь эдгэрч гарлаа. Дунджаар 21-22 хоногт эмчлэгдэн гарч байна. Олонх нь оюутан.

Бид тусгай үүргийн онгоцоор ирсэн бүх хүнийг хянаж, давтан шинжилгээ хийж байна. Тогтоосон дүрмийн дагуу 21 хоног дотроо маш сайн шүүж, онцлох хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарлаж байгаа нь онож байна. Эрэмбэлэн ангилалтыг маш сайн хийж байна. Одоо дараагийн үүргийн онгоцоор ирэх монгол иргэдээ хүлээж авах бэлтгэлээ хийгээд, зохион байгуулалтыг нарийн тооцож байна" хэмээлээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн нийт 186 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 65 нь эдгэрчээ.