Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр хийсэн мэдээллээр өчигдөр нийт 10.599 хүнд PCR шинжилгээ хийхэд Улаанбаатарт л 5 хүнээс коронавирус илэрчээ. Тэдний 3 нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан хүмүүс бөгөөд 2-3 дахь давтан шинжилгээгээр нь илэрсэн байна.

Хоёр нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүмүүс аж. Тэднийг эмнэлэгт хэвтэхэд түргэвчилсэн болон PCR шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарчээ. Улмаар 5 хоногийн дараа буюу өчигдөр дахин шинжилгээ авахад коронавирусийн халдвартай нь тогтоогдсон байна.

"Тус хоёр иргэний ойрын хавьтал 69 хүнийг тусгаарласан. Мөн ойрын хавьтал 179 хүнээс шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан. Гэхдээ дахин шинжилгээ авна. Тандалт, шинжилгээ үргэлжилж байна" гэдгийг ХӨСҮТ-өөс мэдэгдсэн.

Тус эмнэлэгтэй холбоотой асуудлаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор тус эмнэлгийн тусламж үйлчилгээг нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн яамнаас зохицуулсан. Тус дүүргийн яаралтай тусламж, үйлчилгээг Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлсэн. Мөн тус дүүргийн эмнэлэгээр үйлчлүүлэх иргэдийг /том хүн, хүүхэд /хажууд нь байдаг Баянзүрх дүүргийн 100 ортой эмнэлэгт хүлээн авна" хэмээлээ.