Шинэ коронавирусийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн хэмжээнд өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвараар 3.2 сая хүн өвчилсөн байна. 227 мянган хүн нас барж, нэг сая орчим хүн эдгэр эмнэлгээс гарсан, 1.9 саяхүн уг өвчний улмаас эмнэлэгт эмчлүүлж байна. 

Манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн 38 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 10 нь эдгэрэн эмнэлгээс гарч, дараагийн шатны хяналтад, 28 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна. 

Өнгөрсөн нэгдүгээр сарын 09-нөөс хойш манай улсын хэмжээнд 302 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 5310 хүнийг ажиглалт тусгаарлалтад авч хяналт тавьсан. Өчигдөр 284 хүн ажиглалтаас гарч, өнөөдрийн байдлаар өнөөдрийн байдлаар 466 хүн ажиглалтад байна. 

"Манай иргэд олон нийтийн газар олноороо бөөгнөрч явж байна. Ялангуяа хүүхдүүд амны хаалт зүүхгүй, ундаа зэрэг зүйлийг нэг савнаас дамжуулан ууж байна" гэсэн мэдээлэл, сэрэмжлүүлгүүд ирж байна. Иймд урин дулааны цаг ирсэн энэ үед хүүхдүүд гадаа тоглохдоо амны хаалт зүүж, нэг савнаас ундаа ус дамжуулан ууж болохгүй. Коронавирус шүлсээр дамждаг учир анхаарч, ариун цэврээ сахих шаардлагатай" гэв.

Мөн тэрээр "ДЭМБ-ын Ерөнхий захирлын анхааруулсан нэг зүйл бол "Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног болж байна. Коронавирусийн улмаас дэлхий дахинд 13 сая хүүхэд улаан бурхан, сахуу, халдварт саа зэрэг өвчний вакциныг авч чадахгүй, вакцины хомсдолд орж байна. Иймд дээрх өвчнүүд дэгдэх аюултай байна. Иймп хүүхдээ улаанбурханы товлолын дархлаажуулалтад заавал хамруулаарай" гэж уриалсан гэдгийг онцлон хэллээ.