МАН-ын намын даргыг сонгох санал хураалт хаалттай үргэлжилж байна. МАН-ын даргад У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа нар өрсөлдөж буй юм.

Намын даргад өрсөлдөж буй Д.Хаянхярваагийн цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар Их хуралд тавьсан илтгэлээс онцлох 9 ишлэлийг хүргэе.

  1. "МАН бол бүдрэхэд "малгай" нь хазайна уу гэхээс "толгой" нь унадаг нам биш. Хагарсан эв бүтэн болж, хугарсан илтгэл бүрэн сэргэж, МАН, Монгол Улс мандан бадрах болтугай"
  2. "Дээгүүрээ эхэлсэн талцал хуваагдал "Тусгаар тогтнолын ордон"-оос хальж, нийслэл, аймгийн намын хороод руу халдварлаж эхэлснийг таслан зогсоох ёстой"
  3. "МАН бол Монгол Улсын тусгаар тогтнолыг бүтээгч, бас хамгаалагч нам. МАН хүчтэй байгаа цагт Монгол Улс унахгүй гэдэгт би бат итгэдэг"
  4. "Одоогийн Засгийн газраа 2020 оны сонгууль хүртэл шүүсийг нь гартал шахаж ажиллуулъя. Монгол Улс, МАН-ын эрх ашгийн төлөө анжисанд хөллөсөн үхэр шиг зүтгүүлье"
  5. "Хэрвээ би намын дарга болвол манай намын нэр хүндийг маш муухайгаар сэвтээсэн 60 тэрбумын толбыг би бүрэн арилгаж, цэг тавина"
  6. "Лифтэнд сууж, кранаар өргүүлдэг олон дүүтэй том ах нар л албан тушаалын өндөр карьер ахидаг хүний нөөцийн буруу бодлогыг би хална"
  7. "Хариуцлага үүрэхээс зугтдаг хүн хэзээ ч сайн удирдагч байж чаддаггүй. Арагш сууж хоцорсон, алдаа хариуцлагаас зугтсан, ар шилэн хүзүүнээс нь харж журмын нөхдөө хагалж шургаж явдаг зан надад байхгүй"
  8. "Намын дарга хийхэд надад чадахгүй гурван юм бий. Би үнэнээс урваж чадахгүй, шударга бустай эвлэрч чадахгүй, ижил нөхдөө талцуулж явж чадахгүй"
  9. "МАН бол Монголын Ардчиллын ноён нуруу. Хэрвээ энэ ноён нуруу хугарвал Монголын ардчилал мохно гэж би болгоомжилж явдаг"