Засгийн газар "Номад" нэртэй шинэ бонд гаргаж, арилжаалсан талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "Сүүлийн гурван долоо хоногт Сангийн яам Монголбанктай хамтран ажиллаад "Номад" гэдэг бондыг олон улсын зах зээл дээр амжилттай арилжааллаа. Уг бонд нийт 600 сая ам.долларын өртөгтэй, жилийн хүү нь 5.125 хувь, 5.5 жилийн хугацаатай. Тус бондыг солих арилжаа өнөө өглөөний 04:00 цагт дууссан.

Шинэ "Номад" бондтой холбоотой 3 зүйлийг онцолж хэлье.

1. Бонд гаргаад манайд мөнгө орж ирэхгүй. Бид өндөр хүүтэй бондыг бага хүүтэй бондоор сольсон. 2016 оны 4 дүгээр сард гарсан "Мазаалай" бондын жилийн хүү нь 10.872 хувь, 2012 онд гаргасан "Чингис" бондын жилийн хүү 5.112 хувь байна. Засгийн газар "Мазаалай" бондын 500 сая долларыг 2021 онд, "Чингис" бондын нэг тэрбум ам.долларыг 2022 онд төлөх ёстой. 

Тэгэхээр бид "Номад" бондын 600 сая доллараар энэ хоёр жилд ирэх бондыг сольж арилжаалж авсан гэсэн үг. Энэ бондыг гаргаснаар хүү дээр их хэмжээний мөнгө хэмнэж байгаа. Коронавирусийн улмаас эдийн засгийн өсөлт саарсан, төсвийн алдагдал өндөр байгаа энэ үед бага хүүтэй бонд гаргасан нь онцлог.

Мазаалай, Гэрэгэ, Чингис, Хуралдай бондуудын хүүд Монгол Улс жилд 203 сая 100 мянган ам.доллар төлдөг. Шинэ бондыг сольж арилжаалснаар бид жилд 176,4 сая ам.доллар төлнө. Өөрөөр хэлбэл бид жил 26 сая ам.доллар буюу 70 орчим тэрбум төгрөг хэмнэж байна.

Энэ мөнгөөр олон сургууль, цэцэрлэг барьж болно.

2. Дээрх бондуудыг төлөх хугацаа тулсан байсан. Монгол Улс 2021, 2022 онд Мазаалай, Чингис бондуудын 1.5 тэрбум ам.доллар төлөх байсныг буулгаж, 900 сая болгож, тулсан төлбөрүүдийг хойшлууллаа.

3. Бондын төлбөрүүдийг жигдэлж эхэлж байна. Тухайлбал, 2021 онд 500 сая доллар төлдөг, 2022 онд нэг тэрбумыг төлдөг, дараа жилүүдэд 800, 600 сая доллар төлдөг. Төлбөрийн хэмжээ жил бүр өөр байгаа нь зах зээлийг хөдөлгөж, эдийн засгийн нөхцөл байдлыг тогтвортой байлгадаггүй. Иймд жил бүр төлөх хэмжээг адил болгох нь зүйтэй гэж үзсэн. Энэ нь эдийн засаг тогворжиход нэмэртэй" хэмээн мэдээллээ.