Шинээр байгуулагдсан УИХ-ын Анхдугаар чуулганаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэх үеэр У.Хүрэлсүх "Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа. Цар тахалтай холбоотой болон давж гаршгүй хүчин зүйлүүд байна. Монгол Улсын Засгийн газар, УИХ өөрсдөөс шалтгаалах бүхий л боломжтой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн. Бидэнд байгаа боломж нөхцөл энэ. Би олон зүйл амалж чадахгүй, худлаа ярьж чадахгүй. Байгаа хөрөнгө мөнгөнийхөө бололцоонд ажлуудаа хийж байгаа. Цаашдаа ч ингэж ажиллана. Шинэ Засгийн газар байгуулагдаж, холбогдох сайд нар томилогдохоор төсвийн тодотгол хийнэ. Үүнд бэлдэж байгаа" хэмээсэн.

Дараа нь Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар томилогдох үерээ "2019 оны 11 дүгээр сард батлагдсан улсын төсөвт тодотгол хийнэ. УИХ-ын ээлжит бус чуулган зарлагдаж төсвийн тодотголыг хэлэлцэн батална. Гэхдээ том өөрчлөлтүүд орохгүй. Хэлж, яригдсан, хийгдээд эхэлсэн хөрөнгө оруулалтын ажлууд хэвийн үргэлжилнэ" гэсэн юм.

Тэгвэл Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон төсвийн тодотголын төслийг боловсруулж эхэлжээ.

Энэ талаар өчигдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "УИХ-ын сонгуулийн дараа шинэ Засгийн газар байгуулагдаж бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөн. Иймд үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулах учир төсвийн тодотгол хийх учиртай. Цар тахалтай холбоотойгоор төсвийн орлого энэ оны эхний зургаан сарын байдлаар 2,1 их наяд төгрөгөөр тасарсан. Энэ хэвээр байвал оны эцэст гурван их наяд төгрөгт хүрэх төлөвтэй. Иймээс Засгийн газар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр “Ногоон гарц” түр журам хэрэгжүүлэхээр БНХАУ-тай тохиролцсоны зэрэгцээ олон улсын банк, санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж байна" хэмээн мэдээллээ.