УИХ дахь АН-ын бүлэг "Тэтгэврийн доод хэмжээг нэмж, 500.000 төгрөгөөс дээш болгох тухай" хуулийн төсөл өргөн барихаа өнөөдөр мэдэгдлээ.

Манай улсад нийт 441.000 иргэн ахмад настны тэтгэвэр авч буйгаас 277.000 гаруй нь 500.000 төгрөгөөс доош төгрөгийн тэтгэвэр авдаг аж. Энэ нь ахмадуудыг ядууралд хүргэж буй хамгийн том шалтгаан гэж АН-ын бүлэг үзжээ.

"Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэхэд жилд нийт 400 гаруй тэрбум төгрөг зарцуулагдана. Стратегийн ордуудыг маш хурдан эргэлтэд оруулан эдийн засгийг тэлж, үр өгөөжийг нь дээшлүүлснээр санхүүгийн эх үүсвэрийг бий болгоно. Цагаан суваргын орд санхүүжилтын гол эх үүсвэр болно. Үүнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг дээд зэргээр дэмжиж, хамтарч ажиллах хэрэгтэй" гэдгийг АН-ын бүлэг онцоллоо.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "УИХ 2016 онд Цагаан суваргын ордыг төр эзэмших шаардлагагүй гэж үзсэн. Гэхдээ эдийн засгийн хувьд урагшилсангүй. Энэ ордыг үнэтэй болгох зүйлийг Монголын төр сая хийсэн. Тодруулбал, хажуугаар нь төмөр зам барьснаар Цагаан суваргын ордын үнэ цэн 60 хувиар өсөх боломжтой болсон. Тиймээс энэ том бүтээн байгуулалтыг хийснийхээ хувьд Монголын төр дахин энэ ордыг тодорхой хувиар эзэмших саналыг тухайн компанитай ярьж шийдвэрлэж, төр, хувийн өмч хамтран эргэлтэд оруулъя. Эргэлтэд оруулаад төрд оногдох хувиас тодорхой хэмжээний хөрөнгийг ахмадууддаа зориулах юм" хэмээлээ.