Б.Баясгалан
12 сарын 13, 2019
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулснаа өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Монгол Улсад 1998 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд 40 орчим удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байсан.
Нэмэгдсэн өртгийн албан татвар нь тухайн улс орны төсвийн орлогын бүрдлийн голлох эх үүсвэр болдог. Өнөөгийн манай улсад хэрэглэж буй татвар нь борлуулалтад ногдсон НӨАТ-аас худалдан авалтдаа төлсөн НӨАТ-ыг хасаж тооцдог тогтолцоо юм.
2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинэчилсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль мөрдөгдөж байна. Энэ хуулийн хүрээнд манай улсын НӨАТ-ын орлого тасралтгүй өсөн, далд эдийн засаг хумигдаж, тэр хэмжээгээр төсвийн орлого нэмэгдэх сайн нөлөө гарч байгаа. Гэвч үүний цаана татварын орлого цуглуулах чадвар хэмээх чухал үзүүлэлтийг анхаарах шаардлагатай. Монгол Улсын татварын орлого цуглуулах чадварын үзүүлэлт өндөр боловч НӨАТ-ын буцаан олголт бага байдаг.
Энэ нь НӨАТ-ын нэг гол зорилго болох татварын системийг сайжруулахаас илүүтэйгээр төсвийн орлогыг бүрдүүлэх тал дээр ач холбогдол өгч байдгийг илтгэдэг. Үүнийг дагаад инфляцийн түвшин өсөх, ДНБ буурах зэрэг эрсдэл үүснэ. Иймд НӨАТ-ын орлогын тоон өсөлтөд бус чанарт анхаарлаа хандуулах цаг болсныг хуулийн төсөл санаачлагч хэлж байна.
Хуулийн төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ болон гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд ногдуулдаг 10 хувийн татварыг 5 хувь болгон бууруулахаар тусгажээ.
Ингэснээр орлого цуглуулах чадварын үзүүлэлт сайжирч, татвар төлөгчдийн бааз нэмэгдсэнээр эдийн засагт болон татвар төлөгчдөд эерэг нөхцөл байдал бий болохоос гадна улсын төсөвт цугларах татварын орлого буурахгүй байх боломжтой гэдгийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.