УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д орсон асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Монгол Улс Саарал жагсаалтад орсон 4 гол асуудал байгаа. Би нэг бүрчлэн хэлье.

1. БНАСАУ-ын 200 ажилтантай холбоотой. 2000 байсныг өнөөдөр 200 болтол буулгасан. Үүнийгээ сайн тайлбарлаж өгөөгүй байна.
2. Мөнгө бүр мөртэй гэдэг. Бэлэн мөнгө Монгол Улс руу ороод алга болчихдог. Тэр мөнгийг манай улс хурааж авахгүй дандаа торгооод явуулчихдаг. Үүнийг анхааруулсан.
3. Санхүүгийн хэд хэд хэдэн мэргэжил байгаа. Тэдгээр мэргэжилд хяналт тавих системийг боловсронгуй болгож, дүрэм журам гаргах ёстой гэсэн. Заримыг нь хийгээд явж байгаа. Жишээ нь, ББСБ-ууд 20 сая төгрөгөөс дээшхи дүнтэй гүйлгээний мэдээллийг бүгдийг нь Терроризмтой тэмцэх газар руу өгдөг. Хамгийн гол нь эдгээрийгээ сайн тайлбарлаж өгөөгүй байгаа юм.
4. Дээрх санхүүгийн хэд хэдэн мэргэжлийг хянадаг байгууллага байгуулах ёстой. Үүнтэй холбоотой хууль тогтоомжийг өөрчлөх ёстой гэсэн 4 зүйл байгаа.

Тэгэхээр эдгээр 4 асуудалд 2014 онд батлагдсан Ил тодын тухай хуулийн асуудал нэг ширхэг ч байхгүй. Мөн ирүүлсэн зөвлөмжид нь Ил тодын тухай хуулийг хүчингүй болго гэсэн нэг ч зүйл байхгүй.

Монгол Улс Саарал жагсаалтад орсонд Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо нэг их буруутай биш. Үүнд хэн буруутай вэ гэхээр Ц.Нямдорж буруутай. Дээрх байгууллагын хүмүүсийг урдаа гаргаж, олон нийтээр баахан “буудуулчихаад” өөрөө ард нь цэвэр үлдэж байна.

Одоо улстөрчид нь юм ярихаараа өмнөх эрх баригчид руу бурууг чихэж, АН руу дайрч байна. Ардчилсан нам улсаа арай гэж Саарал жагсаалтаас гаргаад байж байтал 2016 он болсон. Үүсээд буй асудлууд МАН-тай холбоотой” хэмээв.

Харин УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Саарал жагсаалттай холбоотой асуудлаар өнгөрсөн мягмар гарагт МАН-ын бүлэг мэдээлэл хийх үеэр "ФАТФ-ын баг манай улсын 2013-2016 оны хоорондох санхүүгийн байдлын талаар үнэлгээ хийсэн. 

Тус үнэлгээг хийх үед буюу 2015 оны 8 дугаар сарын 6-нд Ил тодын тухай хуулийг батласан. Энэ хуулийн дараа Монгол Улсын хөрөнгийн хэмжээ 34 их наядаар буюу 150 хувиар нэмэгдсэн байдаг. Ийм сэжигтэй хууль батлагдаж, сэжигтэй хөрөнгийн хөдөлгөөн хийгдсэн учир шалгалтад хамрагдсан нь төвөгтэй. 

Ингэж хууль гаргаж, хуулийн дараа улсын хөрөнгийн хэмжээ 150 хувиар нэмэгдсэн нь мэдээж гадны байгууллагуудад сэжиг төрүүлсэн байж таарна. 

Улмаар 2016 оны сүүлчээр ФАТФ-ын ажлын хэсгийн бүрэлдэхүүн ирж ажиллаад, Монгол Улсад үнэлгээ хийгээд хэрэгжүүлэх 40 зөвлөмж өгсөн. 

Тэдгээр зөвлөмжийн дагуу Засгийн газар ажиллаад 4-5 асуудлаас бусдыг нь биелүүлсэн. 

Хамгийн сүүлд 2019 оны 10 дугаар сарын 11-нд Азийн хамтарсан бүлгийн даргаас нь надад захидал ирсэн. 

Тус захидалд “Монгол Улсыг эрчимтэй хяналтад байлгахыг зогсоож, өргөтгөсөн хяналтад байлгах төлөвт орууллаа” гэсэн байсан. Тэр нь хяналтын зэрэглэл зөөлөрч байна гэсэн үг. Үлдсэн асуудлаар сая Парист хуралдаад Монгол Улсын нэрийг Саарал жагсаалтад оруулах ажиллагаа хийгдсэн. Энэ бол 2013-2016 оны хооронд болсон явдлын үр дүн ингэж гарч байна гэсэн үг. 

Биелүүлж амжаагүй 4-5 асуудал гэдэг дотор мөнгө угаахтай тэмцэх асуудлаар шүүх шийдвэр гаргахгүй байна, хөрөнгө хураагдахгүй байна гэсэн хуулийн байгууллагатай холбоотой хоёр асуудал бий" хэмээн мэдэгдсэн юм.