УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "Хуульчийн эрх зүйн тухай хууль гэж нэг хууль бий. Үндсэн хуулийн цэцээр 30 орчим удаа орсон. Дандаа зөрчсөн гэдэг дүгнэлттэй. Байнгын хороон дээр уг асуудлыг яриад хоёрдугаар сарын 1-нд энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулж ирэх даалгавартайгаар төгсөх гэж байна. 

Ер нь бол хуульчийн эрх зүйн тухай хуультай орон байхгүй. Энэ талаар УИХ шийдвэрээ гаргачихна биз. Бүх шүүгчийг Хуульчдын холбооны бүрэлдэхүүнд оруулсан байсан, шүүгч нар нь орохоо байсан. Мөн прокуроруудыг оруулсан байсан ч орохоо байсан. 

Хуулийн шийдвэр гаргаж буй хүмүүс нэг дээвэр дор орж, нэг хуулийн дор амьдарна гэсэн зүйл угаасаа байдаггүй. Үндсэн хуулийн алтан зарчим бол эрх мэдлийн хуваарилалт, шүүхийн бие даасан байдал, Ерөнхийлөгчийн томилдог прокурор хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих байдаг. 

Хуульчдын холбоон дотор эдгээрийг оруулсан нь өөрөө Үндсэн хуулийн асар том зөрчил дагуулсан асуудал. Зөрчил байгаа учраас энд орох байсан хүмүүс нь орохгүй гэдгээ мэдэгдээд буй. 2-3 жилийн өмнөөс шүүгч нар нь, 2 жилийн өмнөөс прокурорууд нь Хуульчдын холбооны ажилд орохоо байсан. Бүх хуульчаас татвар авдаг газар. Нэлээд мөнгө цуглуулсан байх. Цаана нь ийм ашиг сонирхол ч байгаа байх. 

Шулуухан хэлэхэд, ийм хуультай орон байдаг гэж байгаад батлуулсан. Тухайн үед Хуулийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь н.Батцэцэг гэдэг эмэгтэй байсан. "Ийм хууль байдаг, маргааш танд авчирч өгнө" гэж худлаа хэлээд алга болсон. Сая энэ хуулийг оруулах гэж байхад Хуульчдын холбооны Тамгын газрын дарга н.Ганболд бас "ийм хууль байгаа" гэж хэлээд зугтсан. Яагаад зугтаад байна вэ гэхээр зүгээр л ийм хуультай орон байдаггүй юм. Ийм л учиртай" хэмээлээ.