НЬЮ-ЙОРК. /CNN/. “Boeing” компани “737 Max” загварын нисэх онгоцыг үйлдвэрлэх тоогоо дахин бууруулах эсвэл түр хугацаагаар зогсоож магадгүй гэж тус компанийн гүйцэтгэх захирал Денис Муйленбург хөрөнгө оруулагчдадаа анхааруулжээ.

“737 Max” загварын хоёр нисэх онгоц осолдсоны улмаас 300 гаруй хүн амиа алдсантай холбогдуулан уг загварын онгоцны нислэгийг дэлхий даяар түр зогсоосон хэдий ч “Boeing” компани хамгийн сайн борлуулалттай онгоцоо цөөн тоогоор үргэлжлүүлэн үйлдвэрлэсээр байгаа юм.

“Boeing” компани “737 Max” онгоцыг дахин нислэгт гаргах эрхийг энэ оны дөрөвдүгээр улирлын эхээр авна хэмээн найдаж байгаа бөгөөд онгоцны нислэг дахин хойшлогдсон нь үйлдвэрлэлээ бууруулахад хүргэж магадгүй ажээ. Бид “737 Max” онгоцыг үйлдвэрлэх тоогоо дахин бууруулах юм уу түр зогсоохыг хүсэхгүй байгаа хэдий ч үүнд бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж Д.Муйленбург хэлсэн байна.

“737 Max” дахин хэзээ нислэгт гарах эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд “Boeing” компанийн мэргэжилтнүүд нисэх онгоцны аюулгүй байдлын системийг шинэчлэхээр ажиллаж байгаа юм. Энэхүү ажиллагаа есдүгээр сар хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаатай холбогдуулан нислэг үйлдэх эрхээ 10 дугаар сард авна хэмээн компанийн удирдлагууд найдаж байгаа ажээ. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг