НЬЮ-ЙОРК. /TASS/.  2020 оны нэгдүгээр сараас эхлэн Boeing 737 MAX загварын нисэх онгоц үйлдвэрлэхээ түр зогсоож байгаа тухайгаа АНУ-ын “Boeing” компани даваа гарагт мэдэгдэв.

““Boeing” компани ирэх сараас эхлэн эдгээр онгоцны үйлдвэрлэлийг түр зогсоож”, "нөөцөд байгаа 400 орчим Boeing 737 MAX-ийн нийлүүлэлтэд анхаарлаа хандуулах шийдвэр гаргалаа” гэж мэдэгдэлд дурдсан байна. Тус компани мөн энэ шийдвэртэй холбоотойгоор ажилчдаа халахгүй гэдгийг мэдэгджээ.

“Boeing” компани 737 MAX онгоцныхоо үйлдвэрлэлийг түр зогсоохоор төлөвлөж байна гэж “The Wall Street Journal” сонин өмнө нь мэдээлж байв. Тус сонины эх сурвалжуудын хэлснээр, сүүлийн үед тус компани сар бүр ийм загварын 40 орчим онгоц үйлдвэрлэжээ.

“Boeing 737 MAX” загварын хоёр нисэх онгоц осолдож, 346 хүн амиа алдсаны дараа уг онгоцыг нислэгт ашиглахыг түр зогсоосон юм.  Хоёр онгоц осолдохоос өмнө хоёуланд нь маневр гүйцэтгэх чадварыг сайжруулах системд доголдол гарсан гэдгийг “Boeing”компанийн удирдлага хүлээн зөвшөөрсөн. Үүний дараа ОХУ, АНУ, Европын Холбооны орнууд зэрэг дэлхийн олон улс аюулгүй байдлыг хангах үүднээс ийм загварын нисэх онгоцуудыг нислэгт ашиглахыг түр зогсоосон билээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг