СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны өнгөрсөн долоо хоногт үзэж шалгасан шинэ шумбагч онгоц нь гурван баллистик пуужин тээх чадалтай гэдэг дүгнэлтийг БНСУ-ын Батлан хамгаалах яамныхан хийжээ.

БНАСАУ-ын Тэнгисийн цэргийн хүчинд зориулж шинээр бүтээсэн шумбагч онгоцыг Ким Жөн Ун үзэж шалгалаа гэж тус улсын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ. Шинэ шумбагчийг Япон тэнгист тактикийн даалгавар гүйцэтгэхэд ашиглана гэж тус агентлаг мэдээлж байв.

БНАСАУ баллистик пуужин тээх чадалтай шинэ шумбагч онгоц бүтээж байна гэж Америк, Өмнөд Солонгосын шинжээчид урьд нь нэг бус удаа мэдэгдэж байжээ. Үүнээс гадна, шумбагч онгоцноос харвадаг "Пуккыксон-3" /Туйлын од-3/ хэмээх шинэ баллистик пуужинг БНАСАУ 2017 оны сүүлээр бүтээж дууссан байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг