БЭЭЖИН. /RIA Novosti/. Хятад улсын “Air China”, “China Eastern Airlines”, “China Southern Airlines”, “Xiamen Airlines” гэсэн агаарын тээврийн дөрвөн компани Бээжин хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудалд хийх туршилтын нислэгийг өнөөдөр албан ёсоор эхлүүлжээ. Уг буудал нь дэлхийн хамгийн том буудал болох юм.

Нисэх онгоцны шинэ буудал оршдог Дасин дүүргийн захиргааны мэдээллээс үзвэл, туршилтын нислэгт дээрх агаарын тээврийн компаниудын “урдаа барьдаг” нисэх онгоцууд болох “Boeing 747-8”, “Boeing 787-9”, мөн “Airbus A359” болон “A380” онгоц оролцож байгаа аж.

Эхний туршилтаар зорчигч тээврийн онгоцуудыг нисэх онгоцны шинэ буудлын хөөрч, буух зурваст газардуулна. Нисэх онгоцууд Бээжин хотын хойд хэсэгт оршдог “Шоуду” олон улсын нисэх онгоцны буудлаас нисэх аж.

Бээжин хотын төвөөс өмнө зүгт 46 км-ын зайтай газар оршдог шинэ буудлыг дэлхийн хамгийн ачаалалтай нисэх буудлуудын нэг болох "Шоуду" буудлын ачааллыг багасгах зорилгоор барьжээ. Уг хоёр нисэх онгоцны буудал хоорондоо 67 орчим км зайтай байна.

“Дасин” нисэх онгоцны буудал хөөрч, буух дөрвөн зурвастай бөгөөд жилд 620 мянга хүртэл нислэг хүлээн авах хүчин чадалтай аж. 2025 он гэхэд агаарын уг боомтын нэвтрүүлэх хүчин чадал нь 72 сая хүн болох юм. Уг буудлыг есдүгээр сарын 30-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.


 


Эх сурвалж: Монцамэ агентлаг