Х.Оргил
02 сарын 16, 2022
Бээжингийн өвлийн олимпын XXIV наадамд эрэгтэйчүүдийн чарганы төрлөөр оролцож байгаа Украины тамирчин Владислав Хераскевич тэмцээнээ дуусгасны дараа дайныг эсэргүүцсэн хуудас камерын өмнө барьж эсэргүүцлээ илэрхийлжээ.
Украины төрийн далбааг илтгэх хөх, шар өнгийн цаасан дээр Украинд дайн хэрэггүй гэсэн утгатай үг бичсэн тэрээр үүнийг өөрийн байр суурь гэжээ.
"Энгийн хүмүүстэй адил би дайныг хүсэхгүй байна. Миний эх орон энх тайван байгаасай гэж би хүсэж байна. Даян дэлхий энх тайван байгаасай гэж би хүсэж байна." гэж сурвалжлагчид хэлжээ.
Тэмцээн дууссаны дараа Олон Улсын Олимпийн Хороо уг тамирчинд ямар нэгэн шийтгэл оногдуулахгүй гэж мэдэгдлээ.
Олимпийн Хартийн 50-р дүрмийн "Жагсаал, улс төр, шашин, арьс өнгөөр ялгаварлах суртал нэвтрүүлгийг олимпын талбай, заал танхим, бусад газруудад хийхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчөөгүй, энэ бол энх тайвны төлөөх ерөнхий уриалга байсан, хэн ч энх тайвныг хүсдэг шүү дээ, тиймээс хэргийг хаасан гэж зохион байгуулагчид мэдэгдсэн байна.
2014 оны Сочигийн өвлийн олимпийн наадмын үеэр ОХУ Украин руу халдан довтолж, Крымийн хойгийг өөртөө нэгтгэж байсан юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.