Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар 50 ортой хүүхдийн эмнэлэгийн барилгын ажлыг өчигдөр эхлүүлж, шав тавилаа.

Тус эмнэлэг нь хүүхдийн бүх төрлийн өвчлөлийг оношилж эмчлэхээс гадна, шүд, эрүү нүүр зэрэг бусад төрлийн эмчилгээ үйлчилгээг ч бас үзүүлэх аж. Он дуусахаас өмнө ашиглалтад орж, ирэх оны нэгдүгээр сараас нийслэлийн өмчид шилжин үйл ажиллагаа явуулж эхлэх юм. 

Шав тавих ёслолын үеэр НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Улаанбаатар хотод ялангуяа хүн ам ихээр суурьшсан хотын алслагдсан дүүргүүдэд хүүхдийн эмнэлэг, сургууль ус агаар мэт хэрэгтэй байдаг. Тиймээс хороонд Шархадны эцэс буюу Баянзүрх дүүргийн гэр хороолол орчмын хүүхдүүдийн хэвтэн эмчлүүлэх боломж нөхцлийг хангах үүднээс өөрийн сонгогдсон тойрог болох Баянзүрх дүүргийн 9-р хороонд 50 ортой хүүхдийн эмнэлэгийг барих ажлыг эхлүүлээд байгаа” гэдгийг энэ үеэр онцолж байлаа.

Түүнчлэн Шархад орчимд хүүхдийн эмнэлэгээс гадна сургуулийн асуудал ч хүндхэн байдаг. Тухайлбал энэ орчимд ганцхан сургууль үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс Улаанбаатар хотын шинэ дэд төв байгуулах ажлын хүрээнд хоёр дахь томоохон сургуулийг барих шийдвэрийг гаргасан. Цаашлаад 180 хүүхдийн цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулахаар төлөвлөсөн. Мөн Шархад орчимд спортын цогцолбор барихаар зураг төслийн ажлыг нь хийгээд явж байна” гэдгийг дуулгалаа.