Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо буюу Биокомбинат орчимд нэн шаардлагатай байсан хүүхдийн эмнэлгийг барьж, өнөөдөр нээлээ. 

50 хүүхдийн ортой, гурван давхар тус эмнэлгийг БНХАУ-ын “Энхтайван Хөгжлийн сан”-гийн дэмжлэгээр, 500 мянган ам.долларын санхүүжилтээр барьжээ.

Тус эмнэлгийг маш богино буюу хоёрхон сарын хугацаанд барьж дуусган, өнөөдөр нээлтийн үеэр 150 мянган ам.долларын үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг гардууллаа. 

Шинэ эмнэлгийн нээлтэд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл,  БНХАУ-ын Элчин сайд Шин Хаймин, “Энхтайван хөгжлийн сан”-гийн дэд тэргүүн Ю Шяошуан нар оролцов.

Энэ үеэр сайд Д.Сарангэрэл “Наймдугаар сард л энэ эмнэлгийн асуудлыг ярилцаж байлаа. Хоёрхон сарын хугацаанд эмнэлэг бүтээн байгуулж өгсөн  “Энхтайван хөгжлийн сан”-гийн хамт олонд туйлын их баярлаж байна. Өмнө  нь энэ хорооны иргэд хотоос 25 км-ын зайд орших хүүхдийн эмнэлэг рүү явдаг байсан. Шинэ эмнэлэг  ашиглалтад орсноор 12 дугаар хорооны тулгамдсан асуудлыг шийдэж өглөө. Мөн 10 ор нэмж өгснөөр ахмадуудаа ч  эмчлэх асуудлыг цаашид эхлүүлэх болно” хэмээв.

Дараа нь “Энхтайван хөгжлийн сан”-гийн дэд Ю  Шяошуан хэлсэн үгэндээ “БНХАУ-ын "Энхтайван хөгжлийн сан" олон улсын харилцаа, хамтын ажиллагаануудад идэвхитэй оролцож, олон улсын нийтийн халамжийн үйл ажиллагааг хөгжүүлж, дэлхийн Энхтайван хөгжлийг дэмжиж,  хамтдаа хөгжин цэцэглэх явдлыг зорилтоо болгон ажиллаж байна. 30 гаруй улсад ард түмэнд хүртээмжтэй байх төсөл хэрэгжүүлж байна. БНХАУ, Монгол Улсын хамтын ажиллагааны хүрээнд тус сан 2012 оноос хойш Монголын талтай эмнэлэг эмчилгээ, боловсрол, ажилчдын сургалт болон хэвлэл мэдээллийн салбарт ард түмэнд хүртээмжтэй цуврал төслүүдийг хэрэгжүүлж,  Монгол Улсын хөгжилд тусламж  дэмжлэг үзүүлж ирсэн. 

Монгол Улс , БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд энэхүү шинэ эмнэлэг үүд хаалгаа нээж байгаад тун их талархаж байна. БНХАУ-ын "Энхтайван хөгжлийн сан”  Монголын талтай үйл ажиллагаагаа улам бэхжүүлж, ард иргэдэд хүртээмжтэй олон төсөл хэрэгжүүлж, хоёр улсын харилцааны хөгжилд туслалцаа дэмжлэг үзүүлэх болно” гэв.

Мөн БНХАУ-ын Элчин  сайд Шин Хай Мин “Хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд энэ эмнэлэг баригдаж буйд баяртай байна.  Монгол бол БНХАУ-ын сайн хөрш, сайн найз, түнш. Сүүлийн жилүүдэд Хятад Монголын харилцаа хурдацтай хөгжиж буй. 

Ялангуяа Ши Жиньпин даргын Монгол Улсад хийсэн айлчлалаар, хоёр тал иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа байгуулснаар Хятад, Монголын харилцаа түүхийн хамгийн таатай үед оршиж байна. 

Түүнчлэн Хятадын “Энхтайван хөгжлийн сан"  "элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй" бодлогыг идэвхитэй хэрэгжүүлж, Монголд амьжиргааны цөөнгүй төслийг хэрэгжүүлЖ байна. Тухайлбал, Улаанбаатар хотын Чингэлтэй, Баянзүрх, Налайх дүүрэгт буцалтгүй  тусламжаар хүүхдийн эмнэлэг барьсан. Миний хувьд  дөрөвдэх эмнэлгийн нээлтэд оролцож буйдаа талархаж байна. Монгол Улсад суугаа ЭСЯ тус санг үргэлжлүүлэн дэмжиж, Хятад, Монголын ард түмний харилцаанд идэвхитэй оролцон хөгжүүлэх болно" гэдгийг онцоллоо.

БНХАУ-ын “Энхтайван Хөгжлийн сан” хамгийн сүүлд буюу тавдугаар сард Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9, 17, 24 дүгээр хороонд орчин үеийн багаж, тоног төхөөрөмжтэй,  50 орны хүчин чадалтай хүүхдийн эмнэлэг шинээр ашиглалтад оруулсан байна.