Зутруухан нөхцөлд зүүн аймгийг зүглэдэг байсан иргэд өнөөдрөөс эхлэн Офицеруудын ордны тойргийн дэргэдэх “Тэнгэр плаза” дахь Баянзүрх зорчигч тээврийн шинэ төвөөр үйлчлүүлж байна. Эндээс Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Дорноговь аймгийн Замын Үүд сум, БНХАУ-ын Эрээн хотын чиглэлд улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг юм. 

Зай талбай томтой, үйлчлүүлэгч нь унаагаа хүлээх хүлээлгийн өрөөтэй, дэргэдээ хүний хэрэгцээний үйлчилгээтэй гээд хуучнаас олон давуу талыг энд бүрдүүлж чаджээ. Баянзүрх авто вокзал буюу хуучин төв нь дэргэдээ авто оношилгооны төвтэй учраас машин нь багталцдаггүй, том оврын автобус эргэх зай талбай багатай, иргэд суух хүлээх зай талбай хүрэлцдэггүй байсан юм. Үүнийг цэгцлэх зорилгоор Авто тээврийн үндэсний төвөөс иргэдэд үйлчлэх стандарт бүхий Зүүн вокзалыг ийнхүү шинээр төвхнүүлжээ. Тасалбараа захиалж байгаа зорчигчид, автобусны жолооч нарын хувьд шинэхэн байр нь тав тухтай, хүлээлгийн өрөөтэй болсонд нь олзуурхаж байв. Нялх нярай хүүхэдтэй ээжүүдэд зориулж живх солих өрөө, хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тухтай цайлах булан гаргажээ.

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Тэргүүн дэд захирал Ж.Эрдэнэбаатар:

-Өнөөдөр өглөө 8 цагаас эндээс анхны автобусууд хөдөллөө. Хуучин вокзал зай талбай муутай иргэдэд үйлчлэхэд хүндрэлтэй байсан бол иргэд тухтай, стандартад ойртсон орчинд сэтгэл хангалуун үйлчлүүлж байна. Цаашдаа үйлчилгээгээ сайжруулах тал дээр төлөвлөсөн ажил нэлээн бий. Тэнгэр худалдааны төв дээрх хувийн худалдаа үйчилгээг авто буудлынхаа үйл ажиллагаатай уялдуулах юм байна гэдгийг харж байна. Бид энэхүү шинэ вокзалынхаа тухай мэдээллийн зүүн аймгийнхандаа өгсөн. Амралтын өрөө, стандартын дагуу хүлээлгийн танхимтай. Цаашид тасалбарыг АТМ машинаас бичдэг, лавлагаа авдаг болох шинэ үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна. 

Тээвэр зохицуулагч Э.Орхонтуул

-Хуучин вокзал маань төвийн дулаангүй учраас шөнийн ээлжинд гарахад даарч хөрдөг, зрчигчдын хүлээлгийн танхим жижиг тав тух муутай байсан. Харин өнөөдөр ажиллаж байгаа бидэнд ч үйлчлүүлж байгаа хүмүүст ч ийм сайхан дулаахан, тав тухтай орчин бүрдүүлсэнд баяртай байна. Бид өдөртөө ирж очихтойгоо нийлээд 600-1200 орчим хүнд үйлчилдэг. Харин цагаан сар, наадмын үеэр ачаалал нэмэгдэж 1500 хүрдэг. Хойноо амралтын өрөөтэй учраас 24 цагийн ээлжинд гарсан ажилчид хааяа амарч тухлах боломжтой.