2019 оны УИХ-ын намрын чуулганы хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болон эрх баригчдын ажлыг хэрхэн дүгнэж буй талаараа УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "2019 оны УИХ-ын намрын чуулганаар тодорхой асуудлуудыг хэлэлцэж, шаргуу ажилласан. Гэвч улс орны эдийн засагтай холбоотой, иргэдийн халаасанд орох эдийн засгийн шийдвэрүүдийг гаргаж чадсангүй.

Олон улсын байгууллагуудаас өгсөн заавар, зөвлөмжийг муу биелүүлсэн, үүнд хариуцлагагүй хандсан хүмүүсийн балгаар Монгол Улс ФАТФ-ын Саарал жагсаалтад орсон. Өөрөөр хэлбэл, энэ ажлын хэсгийг толгойлж ажилласан ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, багт нь ажилласан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарын урагшгүй ажиллагаанаас болсон. Хариуцлагыг нь УИХ-ын гишүүн биш хоёр албан тушаалтан хүлээгээд өнгөрсөн.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ өөрөө тарах ёстой гэсэн уриалга, албан бичгийг УИХ-д хүргүүлсэн. Харамсалтай нь УИХ энэ асуудлыг хэлэлцээгүй. Өнөөдөр УИХ нэр хүндийнхээ хувьд түүхэндээ хамгийн доод түвшинд очсон байна. 48 гишүүн нь ЖДҮ-д, мөн тендер, бусад гэмт хэрэгт холбогдсон олон гишүүн байна" хэмээлээ.

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нар казинод сууж буй зураг цахимд нийтлэгдсэн нь олны шүүмжлэлд өртөөд буй.

Энэ талаар Б.Пүрэвдорж гишүүн "Д.Эрдэнэбат гишүүн орон нутагт томилолттой ажиллаж байгаа. Казинод тоглосон талаарх хувь хүний асуудалд би тайлбар хийхгүй. Миний казинод тоглож буй зураг явж байгаа. Үүнд тайлбар хийхэд,

Нэгдүгээрт, Энэ бол эртний зураг. Би эхнэр, гэр бүлийнхэнтэйгээ амралтаар явж байгаад зочид буудал 50 долларын ваучер өгөхөөр нь казинод орж тоглосон. Хоёрдугаарт, тухайн үед казинод тоглох тухай асуудлыг ямар нэгэн хуулиар зохицуулаагүй байсан. 2019 оны 4 дүгээр сард төрийн албан хаагчийн ёсзүйн дүрэмд өөрчлөлт оруулж, казинод тоглохыг хориглосон. Үүнээс хойш би казинод тоглоогүй, тоглохгүй. Яагаад гэвэл би хууль, дэгээ мөрддөг хүн. 

Гуравдугаарт, төрийн олон арван тэрбум төгрөгөөр тоглосон нөхдүүд байна. Компани, гэр бүлийнхээ мөнгөөр ч тоглосон хүмүүс байна. Казинод хэзээ ч хождоггүй гэдгийг би маш сайн мэднэ. Тиймээс монголчууд казинод тоглоод хэрэггүй" хэмээлээ.