УИХ дахь Ардчилсан нам /АН/-ын зөвлөл өнөөдөр дараах гурван асуудлаар хуралджээ.

  1. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо дэмжсэн асуудлаар,
  2. УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тойргийн тухай асуудлыг хэлэлцэнэ. Энэ талаар,
  3. Дэлхий дахинд үүсээд буй онц гоц халдварт шинэ коронавирусын тухай асуудлаар хуралдаж, үргэлжлүүлэн мэдээлэл хийлээ.

Энэ үеэр АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "УИХ-ын гишүүн Н.Номтобаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо өнгөрсөн баасан гарагт шийдвэр гаргасан байна. Энэ талаар АН сууриа илэрхийлэх нь зүйтэй. Яагаад вэ гэхээр Монгол Улсын төрийн төлөө зүтгэж явсан, АН-ын дэд дарга асан Г.Батхүү агсантай холбоотой асуудлыг УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт 3 зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай Улсын ерөнхий прокурорын УИХ-д хүргүүлсэн албан тоотод дурдагдсан. Тиймээс бид үүнийг онцгой анхаарах шаардлагатай. 

Талийгаачийн гэр бүлийнхэн энэ сарын 22-нд АН-д захидал илгээсэн. Тус захидалдаа шударга ёсыг тогтоох, хэгийн үнэн зөвийг тогтоох тал дээр АН ажиллана гэдэгт найдаж байна гэдгээ илэрхийлсэн байсан. Улмаар бид Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэн Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг Байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанд дэмжиж оролцох нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.

УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын тоог хасах гэж буйтай холбоотойгоор бид УИХ-ын даргад албан тоот хүргүүлсэн. Гурван мандаттай байгаа 90 мянга хүрэхгүй, цөөн сонгогчидтой аймгуудын мандатын тоог нэг мандаттай аймаг руу шилжүүлэх замаар нийслэлийн мандатын тоог хөндөхгүй байх шаардлагатай гэж үзэж байна. Бидний тавьж буй шаардлага хуульд нийцэж байгаа. Үүнд үндэслэн аймгуудын мандатын тоог шийдвэрлэх шаардлагатай. Энэ байр сууриа хадгалж чуулганы хуралдаанд оролцоно.

Коронавирустай холбоотой асуудалд Засгийн газар, Эрүүл мэндийн яам, холбогдох хууль хяналтын байгууллагууд онцгой анхаарах ёстой. Дараах хэдэн зүйлд анхаарах шаардлагатай.

  1. Элдэв янзын хардлагад шуурхай хариу өгөх нь хойрго байна. Ялангуяа цахимаар цацагдаж буй мэдээллүүдэд..
  2. Оюутан, сурагчдын хичээлийг зогсоосонтой холбогдуулан Улаанбаатарын хэт төвлөрлийг саармагжуулах чиглэлд анхаарч ажиллах шаардлага байна. Тухайлбал, оюутнуудыг орон нутаг руу нь зохион байгуулалттайгаар яаралтай буцаах, оюутны байруудыг хаах, ариутгах, шөнийн цэнгээний газруудын ажлуулахгүй байх шаардлагатай байна. 
  3. Төр засаг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна гэдэгт итгэж байна. Ийм үүрэгтэй. Гэхдээ үүний хажуугаар урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардагдаж буй эм хангамж, маск, ариутгалын бодисууд эмнэлэг, эмийн сангуудаар дутмаг байгаад иргэдэд бухимдаж байна. Үүнд шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй" хэмээн мэдээллээ.