Монгол Улс 33 жилийн дараа 2 дахь Эх хүүхдийн эрүүл мэндийн төвтэй боллоо. 2010 оноос барьж эхэлсэн ч хөрөнгө мөнгийг нь шийдэлгүй, царцсан байсан билээ. Ийнхүү тус эмнэлэг ашиглалтад орсоноор ханиад томууны үед нэмэлт 1000-1500 ор шаардлагатай болж хүүхдүүд эмнэлэгийн коридорт хэвтдэг байсан хүнд нөхцөлд цэг тавьж байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

Хоёр жилийн өмнө эрүүл мэндийн салбарт 20-иод царцсан барилга байсан. Өнөөдөр бүгд хөдөлжээ. Дуу дуугаа аван ашиглалтад орж байна. Дахиад ч орно. Өнөөдрийнх маш чухал. Яагаад гэвэл энэ бол эх, хүүхдэд үйлчлэх эмнэлэг. Эх нялхсын төв маань 30 жилийн өмнө хүн ам 2 сая байхад байгуулагдсан. Ачаалал асар их. Тэгвэл 2 дахь эх, хүүхдийн төвийн барилгаа бид бэлэн болгочихлоо. Тоног төхөөрөмжийн асуудлыг шийдэх даалгаврыг Ерөнхий сайд маань сангийн сайдад өгсөн. Ажил хэрэг бүтэмжтэй байгаа. Ухаагийн Хүрэлсүхэд талархаад баршгүй. "Дутуу санхүүжилтийг шуурхай шийд. Бид эх, хүүхдээсээ харамлаж болохгүй" гэдэг үгийг Ерөнхий сайд эрс шулуун хэлж алх цохин шийдвэрлэснээр 10 жил гацсан 34 мянган метр квадрат энэ эмнэлэг ийнхүү бэлэн боллоо.

Хүрээ амаржих газрын дарга А.Жаргал: 

Нийслэлийн Хүрээ амаржих газар өдгөөгөөс 60 гаруй жилийн өмнө нэг эмч, нэг их эмч, найман ор, 20 сувилагчтай жижигхэн хэсгээр эхэлж байв. Тэгвэл өнөөдөр бид Нийслэлийн эх хүүхдийн эмнэлэг болгон өргөжиж байна. Тус эмнэлэг нь олон улсын стандартад нийцсэн өрөө тасалгаа, орчин үеийн лабораториудтай. 8-10 чиглэлээр эмэгтэйчүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой.