Энэ жүжгийг театрын тайзнаас үзэх юмсан, хэчнээн гоё сайхан бол гэж өөрийн эрхгүй бодогдсон юм. Энэ жүжигт лав гурван удаа буун дуу гарсан байх. Хүний сэтгэл доторх шаналалыг Чехов гэж гаргаж бичнэ гэдэг тун хэцүү байх. Тэр дүрүүдийнхээ дотоод сэтгэлзүйг маш чадамгүй уран дүрслэнэ. Яг л зураач шиг. Гэхдээ тэр бодит байдлыг хуулбарладаг байгалийн зураач бус, нүдэнд үл харагдах хүний мөн чанарыг мэдэрч нээдэг гоц уран зураач юм. Уянгын халилгүй, уран нарийн дүрслэлгүй бор бааздуухан түүний өгүүллэгүүдэд хачин их дуртай. Тэр их энгйин бичих мөртлөө ард нь далд санаагаа ямагт нууна. 

Хошигнол, ёгөөдөл бол түүний бичвэрийн гол цөм нь байж магадгүй. Арай үгүй юмаа, түүний зохиолын гол цөм бол хүн, хүнлэг ёс байдаг. Тэр гашуун зовлонг бичихдээ дотроо зовж шаналж, харин гаднаа инээмсэглэсэн дүр үзүүлдэг байсан байх. Цахлай жүжигт уран бүтээлч хүний шаналалыг үзүүлэхийг зорьсон нь илт. 

Нэг талд нь  алдар нэртэй болсон дунд эргэм насны жүжигчин, зохиолч хоёр байна. Нөгөө талд нь олны хайр талархалыг хүлээсэн уран бүтээлч, урлагийн болох хүсэлтэй идэр насны залуу, бүсгүй хоёр. Урлаг нэг хэв загварт баригдах бус, шинэ шинэ хэлбэрүүдийг олж, үргэлж шинэчлэгдэх ёстой гэсэн залуу зохиолч Треплевийн үзэл санаа хана мөргөн сүйрч байна. Урлаг, уран зохиол хэдхэн хүний өмч байх ёстой мэтээр боддог өөрсдийгөө фэнүүдээр хүрээлүүлсэн амин хувиа хичээгч, арьсаа хамгаалагч  тэр хүмүүс бол үнэндээ урлагийг хөнөөгчид юм. 

Урлагийг нэг тойрогт оруулах нь алдар нэрэндээ дулдуйдсан уран бүтээлчдийн өөрсдийгөө аварч үлдэх гэсэн үзлээс гарч байгаа хор хөнөөл юм. 

Залуухан үзэсгэлэнтэй бүсгүй Нина нэр алдартай зохиолч Тригонтой ярилцахдаа:

"Зохиолч юм уу жүжигчин байхын жаргалыг амсахын тулд ойр орчныхоо хахир хатуу авирлахыг,ядуу зүдүү амьдралыг, урам хугарахыг ч хамаагзй тэвчин дээврийн хонгилд сууж бор талхаар хооллож, өөрийгөө голон зовж, өөрийнхөө төгс төгөлдөр байгаад зовон шаналахад бэлэн байна...гэж хэлдэг. Уран бүтээлч болохын төлөө даван туулах ёстой зовлон шаналал ийм л байх ёстой аж. Цэл залуухан, авьяас нь оргилж, жүжигчин болох хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж байсан түүнийг хөнөөж орхижээ. Хэн гээч? Нуурын эрэг дээр ирсэн хэн нэгэн хийх юмаа олж ядсандаа гэмгүй Цахлайг хөнөөчихжээ. Цахлайг хөнөөснөөр цоо шинэ Цахлай амилна. Урлагийг шинэчлэхийн тулд, уран бүтээлчээс зайлшгүй золиос шаардана. Тэр оршихуйн хувьд үгүй болж цоо шинээр дахин бий болох ёстой. Нина бол тэгж чадсан. Гол нь тэвчих чадвар. Үйл заяагаа дааж сүслэн итгэж сур. Би сүслэн итгэдэг тийм болохоор сэтгэлийн минь шаналал нимгэрч би хийж бүтээх юмныхаа тухай бодохлоор энэ амьдралаас айхаа больдог" гэж хэлэх нь тэр өөрийнхөө замыг олжээ гэсэн үг. 

Хүний хүсэл мөрөөдлийг мохоож болно, харин үгүй хийж чадахгүй. Нина, Треплев хоёр бие биендээ хайртай. Гэхдээ урлагийн төлөө Нина өөрийгөө зориулахаар эргэлт буцалтгүй шийджээ. Урлагийг шинэчлэх зорилго тавьсан Треплев бүтэлгүйтэж өөрийгөө хөнөөж байна. Магадгүй тэр шинэ зам мөрөөр явах тэр зүг чигээ олсон ч байж мэднэ. Шинэ Урлагийг бүтээхийн тулд хуучин оршихуйг устгах хэрэгтэй. Нууцхан дурлалаас болж шаналсан  Маша бүсгүй өөрийгөө золгүй хүн гэж тодорхойлдог. 

Дурлал нь бүтэхгүй болохоор амьд явах утгагүй болж байна. Гэхдээ шаналалдаа автаад нэгмөсөн дуусах юм уу, тэр хайр сэтгэлээ үндсээр нь суга татаж хаях юм уу гэсэн сонголтын өмнө ирж байна. Золиос гаргахгүйгээр шинэ шатан дээр гарч чадахгүй.

Өөрөөр хэлбэл, өөрийнхөө доторх тэр Цахлайг хөнөөх хэрэгтэй болж байна. Урлагийг шинэчлэнэ гэдэг үүнтэй л адил золиос шаардах зүйл. Нэгэнт байр сууриа олчихсон х хүмүүст бол энэ нь амиа хорлосонтой адилхан. Урлаг, утга зохиолын шүүмжлэлийг авьяасгүй хүмүүсийн атаархал, сэтгэлээ тайтгаруулах арга мэтээр бодох нь том эндүүрэл юм. 

Треплевийн анхны жүжиг нь иделист санаа бүхий этгээд маягийн бүтээл байсан нь алдартай жүжигчин ээж Аркадина болон түүний шинэ нөхөр нэрт зохиолч Тригон нарт таалагдсангүй. Орчлон хорвоод ганцхан сүнс л байнга бөгөөд хувирашгүй оршино. Ертөнцийн нэгдмэл сүнс. Сүнс бол хий хоосон зүйл биш. Материудын нягтрал яагаад байж болохгүй гэж? Чухам энэ цоо шинэ санаа арга барил нь тэдний эгдүүцлийг хүргэжээ. Жүжгийн дүр болгон дотроо нэг шаналалыг тээнэ. Треплевийн нагац ах Сорин бүтээгүй мөрөөдлийнхөө тухай "Хүсч явсан хүн" нэртэй зохиол бичүүлэхийг хүсч байна. Тэр залуудаа зохиолч болох гэрлэх хоёрыг маш их хүсч байсан ч аль нь ч биеэлсэнгүй насны намартаа залгажээ. Магадгүй тэр ямар нэгэн золиос гаргахыг хүсээгүй учраас өнгөрсөн амьдралдаа харуусал тээн үлдсэн ч юм билүү. Ер нь юм юм л бодогдуулна. 

Хүн төрөлхтний уран зохиолын түүхэнд мөнхөрсөн, хосгүй уудам сэтгэлтэй хүн хэмээн Цахлай түүврийн ард бичсэн байдаг. Тэр хосгүй уудам сэтгэл нь гоц авьяас билигтэй нь хосолж гайхамшигтай бүтээлүүд төрөн гарсан бизээ. Богино өгүүллэг бичих ур чадварыг бол гайхмшигтай эзэмшсэн зохиолч. Элдэв олон долоон үг, оршил тайлбаргүйгээр шууд л үйл явдалдаа орно. Богино тусмаа авьяас ур чадвар нэхдэг энэ төрөлд үнэхээр  л цагийн шалгуурыг давсан сонгодог уран бүтээлч билээ. 

Цахлай  жүжигтээ уран бүтээлч хүн ахуйг шууд хуулбарлахыг шүүмжилсэн үзэл нь зохиолч Тригоны дүрээр илэрч байгаа юм. Тригон бол байдаг л нэг дундаж нөхөр. Зохиол бичих өөрийн гэсэн арга барилтай түүнийгээ л хөгжүүлдэг хүн. Өөрийн гэсэн уншигчдын хүрээлэлтэй, нэр алдартай болсон учир шинэ санаа сэдэж эрсдэл хийх шаардлагагүй тийм л хүн.