Ц.Өнөрбаян: Хэн боловч эх хэлээ сурч, судалж ирээдүй хойч үедээ өвлүүлж байх болтугай

Монгол улсын ардын багш, шинжлэх ухааны доктор, профессор Цэдэвийн Өнөрбаяны “Монгол хэл бичгийн судлал, сургалт” нэртэй эрдэм шинжилгээний өгүүллийн эмхэтгэл бүтээлийн нээлт боллоо.

Номын нээлтийн үеэр профессор Ц.Өнөрбаян "Монгол хэл соёл бол монголын ард түмэн, монгол үндэстний дархлаа. Тийм учраас хэн боловч эх хэл, эрдэм соёлоо сайн сурч, судалж, эрхэмлэн дээдэлж, ирээдүй хойч үедээ өвлүүлж байх болтугай гэж боддог. Үүнийхээ төлөө монгол хэл соёлын эрдмийг жар гаруй жил түгээж яваа хүн,би. 

Эрдэм түгээж байгаагийн нэг илрэл бол “Монгол хэл бичгийн судлал, сургалт” ном маань юм. Энэ номд миний 50 гаруй жилийн турш туурвисан судалгааны шинжилгээний бүтээлээс нийтэд тэр бүр олддоггүй ховор эрдэм шинжилгээний өгүүллүүдийг эмхэтгэн гаргасан.

Монгол хэл уран зохиолын багш нар, монгол хэлний ангийн оюутнууд гээд мэргэжлийн хүрээллээр хязгаарлагдахгүй эх хэлээ сурч, судлах хүсэлтэй хүн бүрд хүрээсэй гэж хүсэж байна." гэлээ.  

Энэхүү номыг МУБИС-ийн эрхлэн гаргаж буй  “Профессорын эрдмийн чуулган” цувралын 6 дахь боть болж хэвлэгджээ. Номын нээлтэд хүрэлцэн ирсэн эрдэмтэн судлаачид дотоод, гадаадын олон ном сэтгүүлд хэвлэгдсэн бүтээлүүдийг нэгэн дор цуглуулж, уншигч олны хүртээл болгож байгаа нь нэн сайшаалтай хэмээн онцоллоо.

Уг номд  профессор Ц.Өнөрбаяны судалгааны шинжилгээний бүтээлүүдээс 70 гаруй өгүүллийг нь сонгон хэвлүүлсэн аж. Номд багтсан эдгээр өгүүллийн ихэнх нь монгол хэлний үгийн бүтэц, хэл зүйн хэлбэрийн тухай өгүүллүүд байгаагаас гадна хэл шинжлэлийн онол, үсэг бичгийн судлал, үгсийн сан, монгол судлалын түүх, заах аргын холбогдолтой бүтээлүүд багтжээ. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.