Сэлэнгэ аймаг дахь Алтанбулагийн боомтоор иргэдээ татан авах ажиллагаа дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Энэ сарын 07-ны өдөр эхэлсэн уг ажиллагаагаар Монгол Улсын болон Монгол Улсад байнга оршин суух, ажиллах эрхтэй ОХУ-ын нийт 360 гаруй иргэнийг хил нэвтрүүлэх урьдчилсан тооцоо байгаа юм.

Өчигдөр буюу наймдугаар сарын 09-ний өдөр 61 иргэн улсын хилээр нэвтэрсэн ба эдгээр иргэний 54-ийг Дархан-Уул, долоог нь Орхон аймагт тусгаарлаж, ажиглалтад аваад байна.

Алтанбулаг авто замын ШНБ-оор иргэдийг татан авах ажиллагааны эхний өдөр буюу 8 дугаар сарын  7-нд 15, 8-нд 27 иргэн хилээр нэвтэрчээ. Эхний өдөр сэжигтэй тохиолдол илрээгүй ба 08 дугаар сарын 08-ны өдөр таван иргэнийг сэжигтэй гэж үзэн Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлжээ. 

Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид зорчигчдын эрүүл мэндийн байдалд тандалт, судалгаа хийн тусгаарлалтад шилжүүлж байна. Иргэдийг татан авах ажиллагаа өнөөдөр дуусна гэж Мэргэжлийн хяналтийн ерөнхий газраас мэдээллээ.