Тайландын Пукет мужийн захиргаанаас хүнсний дэлгүүр, автомашин, дугуй түрээсийн газар, дэлгүүр, амьтны хүрээлэн, далайн эрэг, автозам үдшийн 8 цагаас өглөөний 3 цагийн хооронд хаах шийдвэр гаргажээ.

Мөн Ерөнхий сайд Прают Чан-о-ча өчигдөр 4 дүгээр сарын 2-нд телевизээр иргэддээ хандан хөл хорио тогтоох тухай зарлахдаа 4 дүгээр сарын 15 хүртэл гадаад болон дотоодын иргэдийг Тайланд руу зорчихгүй байхыг уриалсан байна.

Үүнтэй холбогдуулан Бангкок дахь Монголын ЭСЯ-аас иргэдэдээ зориулан мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэл

Нэг. 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн байдлаар Тайландад Ковид-19-ийн 103 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 1978 болсон бол дөрвөн хүн нас барж нийт нас барагсдын тоо 19 болов. 581 хүн бүрэн эдгэрч, 1738 хүн эмчлүүлж байгаагаас 23 нь хүнд байдалд байгаа юм байна.

Хоёр. Хөл хорио тогтоосонтой холбогдуулан нийтийн тээврийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орж, Бангкок хотын газар доорх, агаарын болон “Суваннапүм” нисэх онгоцны буудал руу явах метро /BTS, MRT and Airport Link/ өглөөний 05:30 цагаас үдшийн 21:30 цаг хүртэл, шугамын автобус өглөөний 4:00 цагаас үдшийн 21:30 цаг хүртэл тус тус ажиллах болсон байна.

Мөн үнийн хөөрөгдөл, хомсдол үүсгэхгүй байх үүднээс их хэмжэгээр бараа худалдан авч, нөөцлөхгүй байхыг сануулж, зөрчсөн тохиолдолд 7 жил хүртэл хорих эсхүл 140,000 баат /4,255 ам.доллар/-аар торгох арга хэмжээ авах ажээ.

Гурав. Өндөр хэмтэй халуурах, ханиалгах, амьсгал бачуурах, мөн зарим тохиолдолд бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг илэрвэл шуурхай утас 1422 болон 1669 руу залгана уу.

Мөн зөвхөн гадаадын иргэдэд зориулж Халдварт өвчний хяналтын газар /Office of the Department of Disease Control/-ын шуурхай утас: +66 9-6847-8209 өглөөний 8.00 цагаас 20.00 цаг хүртэл ажиллаж байна.

Ковид-19-ийн талаар англи хэлээр мэдээллийг дараах албан ёсны цахим хуудаснаас авч болно:

Ministry of Public Health:

https://ddc.moph.go.th/viralpneumonia/eng/index.php

National Institute for Emergency Medicine: https://www.niems.go.th/1/?redirect=True&lang=EN

Шаардлагатай тохиолдолд Бангкок дахь ЭСЯ-тай bangkok@mfa.gov.mn, monembinbkk@gmail.com хаягаар, эсхүл ЭСЯ-ны (+66) 81-802-0930, (+66) 81-802-2942, (+66) 82-850-0027 дугаарын утсаар тус тус холбогдоно уу.

БАНГКОК ДАХЬ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ