Өнгөрсөн аравдугааар сар нь Дауны синдромын талаар бусдад таниулах сар байсан. Тус сарыг тохиолдуулан хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн нэгэн түүхийг Brightside агентлаг хуваалцсныг орчуулан хүргэж байна. 

Бяцхан охин дэггүй зан ааш, сэтгэл татам инээмсэглэлтэй бол харин түүнийг өргөж авсан эр 40 настай, ганц бие, ижил хүйстэн. Тэдний хооронд маш онцгой, бат бөх харилцаа тогтжээ. Ингээд тэд хэрхэн бие биенээ олсон тухай гайхалтай түүхийг өгүүлье.

Альбагийн амьдрал эхэндээ маш ээдрээтэй байжээ. Түүнийг төрүүлсэн залуухан ээж нь охиноо төрөлхийн бэрхшээлтэй болохыг мэдсэн даруйдаа түүнээс татгалзсан байна. Италид олон гэр бүл үр хүүхэд үрчилж авахыг хүсдэг боловч цөөн нэг нь онцгой хэрэгцээтэй хүүхдийг үрчлэхийг авч үздэг. Альбаг төрснөөс хойшхи 13 хоногийн хугацаанд 20-иод гэр бүл түүнийг өргөж авахаас татгалзжээ. Гэвч эдгээрийн дараа түүний амьдралд зөв хүн гарч ирснээр тэр хоёрын амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн байна.

Лука Трапанес үргэлж аав болохыг хүсдэг байсан аж. Гэхдээ Италийн хууль маш консерватив учраас 2017 он хүртэл ганц бие хүн хүүхэд үрчлэх боломжгүй байв. Хуулиар боломжтой болсон ч энэ нь тийм амар байсангүй.

Лука нэгэнт хүүхэд үрчлэх шийдвэр гаргасны дараа хөгжлийн бэрхшээлтэй эсвэл хүнд өвчтэй хүүхдийг асарч хүмүүжүүлэхийг хүсч буйгаа мэдэж байв. Түүний өсвөр насанд хамгийн сайн найз нь терминал хорт хавдартай  гэж оношлогдсон бөгөөд Лука эцсийн мөч хүртэл нь хамт байжээ. Тэр найзынхаа зовлон шаналал, цөхрөл, айдсыг мэдэж, мэдэрч байсан тул бусдын тусламж хэрэгтэй нэгэнд туслахыг хүсч байсан юм.

Лука найзыгаа өнгөрснөөс хойш хүнд өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тусалдаг сүмд сайн дураараа ажиллаж байжээ. 

Дауны синдромтой хүүхэд үрчлэх боломж олдох үед тэр бэлэн гэдгээ мэдэж байснаас гадна түүнийг сайн халамжилж, хүмүүжүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байсан аж.

Лука хүүхэд үрчлэх талаарх дуудлага хүлээж авсан даруйдаа эмнэлэгт хүссэн шигээ хурдан хугацаанд хүрч чадаагүй байна.  Тэрээр бяцхан охиныг хараад л эцэх эх, хүүхдийн хоорондох нарийн холбоог мэдэрсэн бөгөөд  тэр даруйдаа охиноо болохыг мэдэрчээ. 

Альба одоо 18 сар хүрсэн ба ямар их хайран дунд өсч байгаа нь царайнаас нь илт харагдана. Түүний аав Лука ч мөн адил. Тэр хоёр бие биедээ үгүйлэгдэж байсан хоосон орон зайг нөхсөнөөс гадна хамгийн том шагнал болох хайр, гэр бүлийг олж авсан юм.  Альбаг өвөө, эмээ, авга ах нь маш их хайрлаж, өсч хөгжихөд нь өдөр бүр тусалдаг аж.