Өнгөрсөн 5 дугаар сарын 15-наас Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглосон. Нийслэл хотыг тойрсон авто тээврийн 8 товчоодод мэргэжлийн хяналт, цагдаа онцгойгийн хамтарсан эргүүл хяналтын ажилтнууд түүхий нүүрсийг нийслэл рүү оруулахгүй байх чиг үүрэгтэй ажиллаж байна.

Өнгөрсөн зургаан сарын хугацаанд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор 162.032 авто машиныг шалгаж нэвтрүүлжээ. Энэ хугацаанд угаасан нүүрс 114.846 тн, түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүд 43740 тн нүүрсийг Улаанбаатар хотод оруулж, 23864 тн нүүрсийг нийслэл хотоор дамжин өнгөрүүлсэн.

Нийслэлийн төр захиргааны байгууллагууд болоод нийслэлийн иргэд эрүүл агаар, цэвэр орчинд ажиллаж амьдрахын төлөө үйлсэд хамтран ажиллаж утаагүй хотын төлөө нэгдэж байна. Гэвч зарим иргэд түүхий нүүрсийг хулгайгаар түлэх, хотр уу оруулж ирэхийг завдах оролдлогууд гаргасаар байна. Тухайлбал Нийслэл хот руу түүхий нүүрс зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлэхээр завдсан 184 тн түүхий нүүрсийг улсын байцаагчийн актаар хураан авч, торгуулийн арга хэмжээ авч, Амгалан дулааны цахилгаан станцад хүлээлгэн өгсөн. Мөн Нийслэлийн 6 дүүрэгт 66 айл өрх, аж ахуй нэгж нүүрс түлж байсан зөрчлийг илрүүлж, 91,8 тн нүүрсийг Амгалангийн дулааны цахилгаан станцад хүлээлгэн өгч Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авлаа.

Иргэн Та түүхий нүүрс, түлсэн, түлэхээр завдсан үйлдлийг 70128012 дугаарын утсанд яаралтай мэдэгдэж , агаар орчны бохирдлын эсрэг үйлсэд хүчээ нэгтгэнэ үү хэмээн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас уриаллаа.