Худалдаа, үйлчилгээний газрууд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөж ажиллаж буйд хийсэн шалгалтын талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Шалгалтаар коронавирусийн эсрэг дархлаажуулалтын вакцин хийж буй газруудаас тодорхой зөрчлүүд илрүүлж, арилгуулжээ.

Энэ талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Дархлаажуулалт хийж буй байнгын болон түр цэгүүдэд мэргэжлийн хяналтын байгууллагын 23 байцаагч байнгын хяналт тавьж ажиллаж байна.

Ямар зөрчлүүд илрээд байна вэ гэхээр,

Халдвар хамгааллын чиглэлээр:

- Зарим газар өрөөнүүд нь нэг чигийн урсгалгүй байна. Вакцинд хамрагдах хүн орж ирж бүртгүүлээд, вакцинаа тариулаад Хүлээлгийн өрөөнд 15-30 минут сууж биеэ ажиглах ёстой. Энэ нь нь чиглэлийн урсгалаар явах ёстой ч ийм биш өрөөнүүд байсан. Уг зөрчлүүдийг арилгуулж байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, Хил хамгаалах ерөнхий газар, МИАТ гэх мэт газар байрлаж буй түр болон байнгын цэгүүдээс дээрх зөрчил илэрсэн.

- Иргэдийн орох, гарах хаалга тусдаа байх ёстой ч тийм биш зөрчил илэрсэн. Тухайлбал, Хан-Уул, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Сонгинохайрхан дүүргийн салбар амбулятори, Мөнгөн гүүр, НАТУЛ эмнэлэг дээр дээрх зөрчил илэрснийг арилгуулсан.

- Иргэдийг ажиглалт, хүлээлгийн өрөөнд 1.5-2 метрийн зайтай суулгаж ажиглах ёстой. Гэтэл хүн хоорондын зай бариулаагүй, тухайн өрөөнд байх шаардлагатай сануулах зураг, санамжийг байршуулаагүй зөрчил гарсан. Тухайлбал, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, Хил хамгаалах ерөнхий газар ийм байсан.

- Эмч, эмнэлгийн ажилтнуудын гар угаах нөхцөлийг хангаж өгөх ёстой. Угаалтуур, шингэн саван, цаасан алчуур зэргийг бэлдэж, хангаагүй газрууд байсан. Тухайлбал, Хил хамгаалах ерөнхий газар, МИАТ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт энэ зөрчил илэрсэн.

Эмчилгээний чиглэлээр:

- Тарилгын стандартыг баримталж буй байдал хангалтгүй, 

- Хамрагдах ёстой сургалтад хамрагдаагүй 

- Дархлаажуулалтын талаарх урвал хүндрэлийн талаарх мэдээг авмагц мэргэжлийн багийн үйл ажиллагааг идэвхжүүлсэн байдал хангалтгүй

- Урвал хүндрэлийн бүртгэл хөтлөөгүй

- Дархлаажуулалтын кабинет болон явуулын цэгт зайлшгүй байх ёстой тоног төхөөрөмж зарим газарт хангалтгүй байсан.

Дээрх зөрчлүүдийг мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгаж, тухай бүрт нь зөрчлийг арилгуулсан. Одоо бол дархлаажуулалтын байнгын болон түр цэгүүд дээр дархлаажуулалт хэвийн үргэлжилж байгаа" хэмээлээ.