Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр тодорхой 18 чиглэлийн байгууллагын үйл ажиллагаа өнөөдрөөс нээгдэнэ.

Улмаар тэдгээр аж ахуйн нэгж, байгууллага болон албан хаагчийн тээврийн хэрэгсэлд зорчих зөвшөөрөл бүхий QR код олгох зааврыг Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас баталжээ. 


QR кодыг хэрхэн олгох вэ?

- Харъяа дүүргийнхээ онцгой комиссын Шуурхай штабт хандаж, QR авах байгууллага болон албан хаагчийн тээврийн хэрэгслийн жагсаалт гаргаж өгнө. 

- Тээврийн хэрэгслийн жагсаалтад байгууллагын регистер, нэр, тээврийн хэрэгслийн улсын дугаар, эзэмшигчийн нэр буюу албан хаагчийн регистрийн дугаар бүхий мэдээллийг багтаасан байна. Дүүргийн Онцгой комисс судалж гаргасан жагсаалтаа Нийслэлийн Онцгой комисст хүргүүлнэ.  

- Улмаар Нийслэлийн Онцгой комисс хүсэлтийг судалж, бүртгэх шаардлагатай тээврийн хэрэгслийн жагсаалт гаргаж, Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дэргэдэх Замын хөдөлгөөн зохицуулалтын багт хүргүүлнэ. 

- Харин дүүргүүдийн онцгой комиссоос олгосон байгууллагын албан хаагчийн тээврийн хэрэгсэлд 07:00-10:00, 17:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцох хязгаартайгаар QR код олгох юм.  

- Байгууллага, албан хаагч системд бүртгэгдэж, олгосон QR кодыг www.smartcar.mn цахим хуудасны "Сovid-19 зөвшөөрөл" хэсэгт хандаж авна. 

- Дүүрэг болон Нийслэлийн Онцгой комисс нь ирсэн хүсэлтийг судалж, тухайн байгууллагын нэр дээр бүртгэлгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй албан хаагчийн тээврийн хэрэгсэлд QR код олгохгүй.  

- Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн QR кодтой холбоотой санал хүсэлтээ 1800-1200 утсаар өгөх боломжтой.