Есдүгээр сараас эхлэн Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй, ил задгай газарт автомашин, түүний дагалдах хэрэгсэл худалдсан тохиолдолд газрыг чөлөөлөхөөр болжээ. Энэ шийдвэрийн талаар  НЗДТГ болон Нийслэлийн газрын алба, Мэргэжлийн хяналтын байгууллагаас өчигдөр мэдээлэл хийв.

Одоогоор зөвшөөрөлгүй газар автомашины худалдаа хийж байсан 15 газрыг чөлөөлсөн байна.

Нийслэлд зориулалтын бусаар эзэмшил газрыг ашиглаж, авто машин ил задгай худалдаалах болон, авто машины дагалдах хэрэгсэл худалдахад шалгалт хийж, цэгцлэх асуудал 2014 оноос эхэлжээ. МХЕГ-аас нийслэлийн Газрын албатай хамтран өнгөрсөн онд 102 иргэн ААН-д шалгалт хийж үүнээс 32 иргэн, ААН-ийн зөрчлийг арилгуулсан байна. Энэ жил зөрчилтэй 654 иргэн, ААН-д зөрчлөө арилгах шаардлага хүргүүлжээ.

Одоогоор нийслэлд авто худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй хоёр л газар байдаг. Нэг нь Сонгинохайрхан дүүрэгт байрлах Авто худалдааны цогцолбор, нөгөөх нь  Да хүрээ зах юм байна.