Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгасантай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа. 

Захирамжаар нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлж, дүүрэг, хороо тус бүрээр иргэдийн бүртгэл, хуваарь, тээвэрлэлтийн маршрутыг нарийвчлан гаргаж, мэдээллээр ханган зохион байгуулалтын арга хэмжээ авч, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллахыг үүрэг болголоо. 

Гэрээр тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдийн цахим хяналтыг сайжруулах, эрүүл мэндийн зөвлөмж, зөвлөгөө өгч, эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэж ажиллана. 

Нийтийн эзэмшлийн болон гэр хорооллын гудамж, зам талбай, аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламж, өрөө тасалгаа, орон сууцны орц, хонгил, цонх, цахилгаан шат, нийтийн тээврийн хэрэгслийн хаалга, суудал, бариул, хүүхдийн тоглоомын талбай зэрэг халдвар тархах эрсдэлтэй орчны халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэхийг даалгалаа.

Хязгаарлалт тогтоохгүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-19:00 цаг хүртэлх хугацаагаар тогтоов. 

Харин хувь хүн, хуулийн этгээдийн автомашиныг QR кодоор зорчуулах ажлыг УОК хариуцаж байгаа юм.

Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлж, өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагч, иргэдийг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн, зорчуулна. 

Нийтийн тээврийн үйлчилгээний ачааллыг бууруулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зорилгоор эрчим хүч, дулаан, усан хангамж, орон сууц, хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг тогтоосон цагийн хязгаарын хүрээнд тусгай үйлчилгээний автобусаар зорчиход дэмжлэг үзүүлэхээр боллоо. 

Нийслэлээс орон нутагт зорчих хөдөлгөөнийг зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан (эрүүл мэнд, буяны ажил)-тай болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэрлэгчид (хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт)-ийг ПСР шинжилгээний 72 цагийн сөрөг хариу, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн гаргах, маршрутын бус замын хөдөлгөөнд хатуу хяналт тавьж ажиллах юм. 

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд спиртийн өндөр агууламж (18 хувиас дээш) бүхий согтууруулах ундаа худалдахыг хориглолоо.