Засгийн газар өнөөдөр дараах шийдвэрүүдийг гаргалаа

Б.Баясгалан
03 сарын 10, 2021

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


Энэ жил 5.000 залуусыг сургаж, ажилтай, орлоготой болоход нь дэмжлэг үзүүлнэ

“Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх” төслийг баталлаа. Багц сургалт нэг сарын хугацаатай. Сүүлийн гурван сар ажилгүй байгаа ч ажил хийх, амьдралаа өөрчлөх хүсэлтэй, 18-34 насны, эрэгтэй, эмэгтэй 1.000 хүнийг сар бүр сонгон шалгаруулж, тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй сургах юм.

Төслийн талаархи мэдээ, мэдээллийг бүртгэл эхлэхээс 10, түүнээс багагүй хоногийн өмнө нийтэд зарлан мэдээлнэ. Залуучууд тухайн үед нь цахимаар болон өөрсдөө очиж бүртгүүлэх боломжтой. Бүртгэлийг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтэс хариуцах юм.   

Бүртгэх, ярилцлага хийх, сонгон шалгаруулахтай холбоотой удирдамжийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга батална. Сонгон шалгаруулалт, цар тахлын шинжилгээ, эрүүл мэндийн бусад үзлэгт тэнцсэн залуусыг нэгдсэн цэгээс багц сургалт хийх байранд хүргэнэ. Орон нутгийн залууст унааны зардал олгохоор төлөвлөжээ.

Төсөл нь залууст эрүүл, эртэч, амьдралын идэвхтэй хэв маяг, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх хэлбэрээр ажилтай, орлоготой болоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой. Энэ хүрээнд өөрийгөө танин мэдэх, зөв дадал хэвшил, харилцаа хандлага, эх оронч үзэл санааг ойлгуулж, бие бялдрын зөв хүмүүжил, гэр бүлийн эерэг харилцаа, соёл төлөвшүүлэхэд чиглэсэн багц сургалт явуулна.

Мөн ажил хөдөлмөрт бэлтгэх, ажлын ачаалал зэргийг даван туулах чадавхид сургах, хүн бүрийн онцлогт тохирсон ажил, мэргэжлийн зөвлөгөө өгч, хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөө гаргахад нь туслах юм.

Энэ жил шаардагдах 11 тэрбум 800 гаруй сая төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын батлагдсан төсвийн багцад зохицуулж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан санхүүжүүлнэ.

Төсөлд хамрагдсан залуусыг нэг жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажилтай болгосон ажил олгогч, ажилтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон нэг жилийн Нийгмийн даатгалын шимтгэл /эрүүл мэндийн даатгалын шимтгэл орохгүй/-тэй тэнцэх нэг удаагийн нөхөн олговор олгохоор төлөвлөлөө. Үүнд шаардагдах хөрөнгийг 2022 оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусгаж байх юм. 

Төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг гүйцэтгэхээр шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ хийхдээ залуучуудыг ажилтай болгох талаар тусгаж байхыг төсвийн бүх ерөнхийлөн захирагчид даалгалаа.

Нийт хүн амын 31, хөдөлмөрийн насны иргэдийн  46 хувийг 15-34 насны  залуус эзэлдэг. Улсын хэмжээнд ажилгүй байгаа 92 мянга гаруй хүний 51 хувь нь буюу 47 орчим мянга нь 18-34 насныхан гэсэн статистик мэдээ гарчээ. 


Үндэсний баялгийн сан байгуулах тухай хуулийн төсөл боловсруулна

Үндэсний баялгийн сангийн тухай, Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төсөл боловсруулж хэлэлцүүлэхийг сайд Г.Ёндон, Б.Жавхлан нарт даалгав. Энэ нь газрын доорх баялгаас хүртэх өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо болон ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилготой. 

Эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэлгээг олон улсын зах зээлд жишиг үнээр үнэлж, хүртэх үр ашгийг нь нэмэгдүүлэн, борлуулалт, орлогод нь хяналт тавихтай холбогдуулан  Эрдэс баялгийн биржийн тухай хуультай болох зайлшгүй шаардлагатай гэж үзлээ. Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 22, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 71, экспортын 94 хувийг уул уурхай, олборлох салбар бүрдүүлж байна.


Ашиггүй ажилаж байгаа төрийн өмчит компаниудад өөрчлөлт хийнэ

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн өмчлөлийн хэлбэр, чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох зэрэг чиглэлээр ажиллаж байна.

Засгийн газар олон жил ашиггүй, үр дүнгүй, алдагдалтай, зардал ихтэй ажилласан төрийн өмчит компаниудтай холбоотой асуудлыг эхний 100 хоногтоо багтаан эцэслэхийг зорьж байна.

2019 оны байдлаар төрийн өмчит 107, орон нутгийн өмчит 339 компани 37 их наяд төгрөгийн өр төлбөртэй, 1.5 их наяд төгрөгийн ашигтай ажиллажээ. Тодруулбал “Эрдэнэт үйлдвэр” 1.1 их наяд, “Эрдэнэс таван толгой” компани 440 тэрбум төгрөгийн ашигтай, бусад нь алдагдалтай байсан гэсэн үг юм.


Цаашид:

-       Стратегийн ач холбогдол бүхий компаниудыг олон нийтэд зарлаж, 100 хувь төрийн өмчит хэлбэрээр үйл ажиллагааг нь тогтвортой үргэлжлүүлэх

-       Олон жил үр ашиггүй, алдагдалтай ажиллаж байгаа, чиг үүргийг нь хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой компаниудыг татан буулгах, нэгтгэх

-       Зарим компанийн 34 хүртэл хувийг нээлттэй арилжих замаар олон нийтийн хяналтад оруулж, зөв засаглалтай болгох

-       Шилэн дансны тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээ авах юм.


Агаарын хил нээхтэй холбогдуулан бэлтгэлээ хангахыг даалгав

2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс агаарын хил нээх бэлтгэлээ хангаж, ирэх, явах зорчигчдыг дархлаажуулалт хийлгэсэн эсэхэд хяналт тавих, тусгаарлалт, халдвар хамгааллын дэглэм, журмыг тодорхой болгоно. 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс буюу “Чингис хаан” олон улсын нисэх буудал ажиллаж эхлэхээс өмнө хилийн хяналтын байгууллагууд, агаарын тээврийн компаниудыг нүүлгэн шилжүүлэх, шинэ нисэх нисэх буудлын барилга байгууламж, ажлын бэлэн байдал, нислэгийн аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээ авах юм. 


Товч мэдээ

-        “Дархан арьс, ширний цогцолбор”-ын дэд бүтцийн ажил 30 орчим хувьтай байна. 2024 онд ашиглалтад орсноор  жилд 10 сая ширхэг арьс, шир, 10 мянган тн ноос болон тодорхой хэмжээний ноолуур, желатин үйлдвэрлэх 14 үйлдвэр ажиллаж, 2,500 орчим ажлын байр бий болно. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 148 сая ам.долларын борлуулалт хийх тооцоо гарчээ. 

-       Бүгд Найрамдах Польш Улсын хөнгөлөлттэй зээлээр Сэлэнгэ, Ховд, Хэнтий, Өмнөговь, Говь-Алтай аймагт төмс, хүнсний ногооны иж бүрэн болон хагас автомат, нийт 8,500 тн багтаамжтай долоон агуулах барихаар төлөвлөжээ. Улсын хэмжээнд 220 гаруй мянган тн багтаамжтай 10 гаруй мянган зоорь, агуулах бүртгэлтэй байна. 

Холбоотой сэдвүүд

засгийнгазар л.оюун-эрдэнэ

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.