Дараагийн томилгоог би маш анхааралтай харна

С.Жавхлан: Усан бороо их орсон намар орой ургац маш хүнд байгаа эгзэгтэй, хахир өвөл дөхөж байгаа үед Засгийн газрын тухай асуудал яригдаж байна. Энэ Засгийн газар байсан байгаагүй ямар ч нэмэргүй байна. Өнөөдөр цалин нэмэх асуудлаар ээлжит бус хуралдаан зарлахгүй яасан юм. Нийгэмд тулгарч буй маш олон асуудал байна.Төрийн албан хаагчийн хуулийг хэлэлцүүлээч. Хэдэн сарын өмнө бурхан шиг гаргасан хүмүүсээ буг шиг болгочихлоо одоо. Дараагийн томилгоог би маш анхааралтай харна, ажиглана. Эх оронч залуучуудаа гаргаж ирэх гэж шахна.

Гарын үсгийн цаана юу байдаг вэ гэдгийг харах ёстой

Ц.Цогзолмаа: Популист аргаар улс төрийн оноог авах гэсэн нөхцөл байдал энэ хариуцлагатай танхимд гарч байгаад харамсалтай байна. Хэн нэгэн улс төрчийн онцгойрсон тоглолт газар авахгүй байх гэж бодож байгаа. Хариуцлага тооцох гэж байгаа асуудлыг би буруушаахгүй байна. Гарын үсгийн цаана юу байдаг вэ гэдгийг харах ёстой. Ард түмний асуудлыг шийдэх гэж байна уу сандал ширээний асуудал шийдэх гэж байна уу. Засгийн газрын тогтворгүй байдал эдийн засагт эсрэг нөлөө үзүүлнэ. Тиймээс улс орныхоо нөхцөл байдлыг анзаарч кнопоо дараасай. Засгийн газрыг өмөөрөхгүй, хариуцлага тооцох ёстой.  Үүнийг улс төрийн асуудлаа шийдэх газраа шийдэх хэрэгтэй.

ТЕГ, ЦЕГ-ын дарга нараа солиороо гэж хэлсэн

Ж.Батзандан: Огцруулахыг бичгийг өргөн барьсан нь 65 суудалтай эрх баригч нам өөрөө.  Ерөнхий сайдыг томилогдож байхад би хэлж байсан. Хамгийн түрүүнд Тагнуулын ерөнхий газрын дарга, Цагдаагийн газрын даргаа солиорой гэж хэлсэн. Монголын улстөрчдийг намнаж, гүйцэтгэх ажиллагаа явуулдаг болсон. Эцэст нь өөрсдөө хавханд орлоо. Засгийн газарт хариуцлага тооцох асуудал бол яригддаг асуудал. Та бүхэн эргэж буцсан олон шийдвэр гаргасан. Одоо Шадар сайд өөрийгөө тагнасан, чагнасан болж байх шиг байна. Угтаа бол шүүхийн шийдвэр гараагүй байхад хэн нэгнийг буруутгах ёсгүй. Шийдвэр гарсны дараа асуудлаа яриач гэж мөн ч их хүслээ дээ. Ерөнхий сайд өмнөх Засгийн газрын хийж байсан концессын гэрээг бид үргэлжлүүлсэн гэж ярьдаг. Гэтэл концессын гэрээг С.Бямбацогтын компанид өгсөн байна. Ж.Мөнхбатын өмнөх эхнэрийнх нь ахын компанид өгсөн байна. Н.Номтойбаярын компанид өгсөн байна. Ингээд явж өгнө шүү дээ. Хүүхэд цэцэрлэггүй байхад 800 тэрбумаар концессийн гэрээ хийлээ.

807 тэрбумын концессийн гэрээ чинь том сануулга шүү

Л.Болд: Засгийн газрын шийдсэн 807 тэрбумын концессийг гэрээ чинь томоохон сануулга шүү. Хүүхдийн мөнгийг хууль бусаар олгосон гэж буруутгаж байна. Хүүхдийн мөнгийг хууль зөрчөөд ч болов олгох ёстой гэж би бодож байна. Цаашид хүүхдийн мөнгийг тэгш олгох нөхцлийг бүрдүүлээсэй гэж хүсч байна.Хуулийн байгууллага улс орныг үймүүлсэн, төрийн дээд албан тушаалтныг барьцаалсан явдал байнга үргэлжилж байгаа.

Концессийг улс төржүүлэх хэрэггүй


Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Би хоёр тайлбар хэлмээр байна. Концессыг их улстөржүүлж байна. АН-ын Засгийн газар 2.2 тэрбум төгрөгийн концессын гэрээ хийсэн байсан. Үүнийг бид засаад явахыг оролдсон. Хүүхдийн мөнгийг та бүхний баталсан хязгаарын дагуу олгосон гэдгийг хэлмээр байна.Сүүлийн есөн сарын дотор эдийн засгийн өсөлт тодорхой хувиар нэмэгдсэн. Мөн валютын ханшаа хяналтдаа оруулж чадсан.  Засгийн газрын үнэт цаасны хүүг 4,5 хувиар бууруулсан. Ингэснээр мөнгөний бодлого зөөлөрч,  зээлийн хүү буруулах боломжтой болсон  гэв.

Тогтолцоог эсэргүүцэж гарын үсэг зурсан

Л.Оюун-Эрдэнэ: Би Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг зурсан нь энэ Улс төрийн тогтолцоог эсэргүүцсэндээ зурж байгаа юм. Монгол төр мафижсанбайна. Засгийн газрыг огцруулахад үндэслэл болж байгаа концессийг буруутгаагүй. Харин энэ концессд Засгийн газрыг гишүүд өөрсдөдөө хувааж өгчихөөд байгаа нь ичмээр. 

Би өөрийгөө шалгуулна

С.Бямбацогт: Энэ засгийн газар ярих юм бол олон ажлуудыг хийсэн. Би өөрийн толгойлдог салбараа бодоход Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиудыг баталсан. Засгийн газрыг огцруулахад шалтгаан болж буй концессийн гэрээнд миний нэр холбогдсон. Энэ концессийн гэрээ угаасаа өмнөх Засгийн газрын үед явж байсан гэрээ. Тиймээс би энэ асуудлаар өөрийгөө, ах дүү, эхнэрээ шалгуулна.